Солир Дэлхийтэй ойрхон зөрнө

Image Credit: NASA

Гуравдугаар сарын 5-нд нэгэн солир Дэлхийтэй тун ойрхон зайд зөрж өнгөрөх юм байна. 2013TX68 гэх солирыг гурван жилийн өмнө илрүүлсэн билээ. Юм л бол Дэлхий сүйрэх гэж байна гэж шуугиан таригчдад хандаж хэлэхэд энэ солир Дэлхийд ямар ч аюул учруулахгүй гэж NASA -ын эрдэмтэд баталж байна. Тооцоолж байгаагаар солир 14000-17000 км зайтай зөрж өнгөрөх аж. Яг нарийвчилсан зайг солир зөрж өнгөрөхөөс нэг хоёр өдрийн өмнө л тооцоолох боломжтой байдаг гэнэ. Гэвч шуугиан таригчид аль хэдийн Youtube гэх мэт сайт дээр Дэлхийн сүйрлийн талаар олон янзын муу зөгнөлт анимейшнээ хийгээд байрлуулчихсан, 3 сарын 5-ыг хоног тоолон хүлээж байгаа гэнэ. Иймээс тэдний “бүтээлийг” үзэж хямарч сандрахгүй байх нь чухал шүү. Уг солир 2017, 2046 болон 2097 онд дахин Дэлхийн хажуугаар ойрхон зайтай зөрж өнгөрөх юм байна. Эдгээр онуудад Дэлхийтэй мөргөлдөх, шүргэлцэх магадлал бараг л тэгтэй тэнцүү гэж НАСА-ын Солир Судлалын Төвийн төлөөлөгч Паул Чодэс мэдэгджээ.

Машин авах гэж байгаа бол…

By IFCAR – Own work, Public Domain, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=16991970

Монгол бол эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Өвлийн улиралд машинаа унаад явъя гэхэд олон бэрхшээл тулгарна. Замын халтиргаа, утаа униар, хөдөлгүүрийг тас хөлдөөм хүйтэн… Ихэнх машин үйлдвэрлэгч орнууд зөөлөн дулаан уур амьсгалтай тул тэсгим хүйтнийг тэсвэрлэх машин цөөхөн. Гэхдээ ямар үзүүлэлттэй машин сонговол илүү тохиромжтой талаар хэдхэн зөвлөгөө хүргэе:

  1.  Дөрвөн дугуйн хөтөлгөөтэй байх нь тун чухал. Ийм машин халтиргаа гулгаа, шавар намагт зүтгэх хүч сайн гаргана. Ихэнх жийпнүүд дөрвөн дугуйн хөтөлгөөтэй байдаг ч гэсэн бас дөрвөн дугуйн хөтөлгөөтэй жижиг тэрэгнүүд ч олон бий.  Ийм машинууд 4WD, AWD мэт тэмдэглээтэй. 4WD нь 4 Wheel Drive, AWD нь All Wheel Drive гэсэн утгатай үгс юм.
  2. Хүйтэнд удаан байсан машиныг асаах нь үнэхээр хэцүү байдаг билээ. Ассан ч гэсэн хөдөлгүүр тун хурдан элэгдаж мууддаг. Зарим машинууд цаанаасаа тавьсан хөдөлгүүрийн блок халаагчтай байдаг. Хөдөлгүүрийн блок халаагчтай сүүлийн үеийн машинууд гэвэл 2014 оны Acura MDX болон 2014 Ford Fusion зэрэг болно. Мөн Мерседесийн хуучны зарим дизел хөдөлгүүрт 220В-д залгадаг цахилгаан халаагчуудтай байдаг.
  3. Суудлын халаагч бас л хэрэгтэй зүйлсийн нэг.  Люкс ангиллын машинууд л ийм тоноглолтой байсан бол сүүлийн үед ердийн машинуудад ч урд болон арын суудалд нь халаагч тавих болжээ. Тэр ч байтугай жолооны хүрдэндээ халаагчтай машинууд хүртэл бий болов. Машины салооны халаагч суудлыг халаах хүртэл нэлээд хугацаа зарцуулдаг бол суудлын халаагч нь маш түргэн хугацаанд суудлыг халааж тав тухтай болгодогоороо давуу талтай юм.
  4. Хүйтэнд тохиолддог бас нэг бяцхан бэрхшээл бол толь цантах явдал. Хүйтэнд урд цонхоо онгойлгоход л толь цантчихдаг. Мөн цас ороод толин дээр мөсөн бүрхүүл тогтох нь ч бий. Зарим машинд толины цанталтыг арилгахын тулд ар талд нь халаагч элемент наасан байдаг. Цан арилгах товчлуурыг дарахад хажуу талын толиноос гадна арын шилийн халаагч ч бас давхар ажиллахаар хийсэн байх нь элбэг.
  5. Машиныг алсаас удирдаж асаах систем бас л хэрэгтэй тоноглолын нэг. Ийм асаалтын системийг ихэвчлэн тусад нь суулгадаг боловч сүүлийн үеийн машинуудад цаанаас нь тавьж суулгаж өгөх болжээ. Машиндаа сууж хөдлөхөөсөө өмнө машинаа асаачихна. Таныг машиндаа суухад салоон болон хөдөлгүүр халж, машин хөдлөхөд бэлэн болсон байна. 2014 оны Scion болон Мицубиши Мираж машинд ийм удирдлага бий.

  6. Хүйтэнд цас, бороо орж тэр нь шил арчигчийг салхины шилтэй барьцалдуулан хөлдөөдөг. Шил арчигчаа ажиллуулбал боолт нь суларч холхихоос цаашгүй болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд шил арчигчид зориулсан тусгай халаагч хийх болжээ. 2014 оны Субару Форестер болон Тоёота 4 Раннер машинд ийм халаагч тавьсан байдаг.

Унадаг дугуйн хурдны дээд амжилт

Хамгийн хурдан дугуй.
Image credit: Bas de Meijer

Данийн оюутнуудын бүтээсэн унадаг дугуй хүний булчингийн хүчээр ажилладаг хамгийн хурдан унаагаар шалгарав. Тэдний бүтээсэн VeloX3 нь 133.78км/ц хурдалж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Уралдаан АНУ-ын Невадад зохион байгуулагддаг бөгөөд хүний булчингийн хүчээр хөдөлдөг бүхий л төрлийн унаанууд оролцдог юм. Унадаг дугуйг Данийн Делфт Их Сургууль болон Амстердамийн Их Сургуулийн оюутнууд хамтран бүтээж Себастян Бовиер унаж хурдлуулсан байна. Аль болох их хурдтай явахын тулд компьютерийн загварчлал ашиглаж дугуйчны хүчийг хуваарилж байсан гэнэ. Дугуйн бүрхүүлийг Формула-1 тэмцээний машиныг буддаг тусгай будгаар будаж агаарын эсэргүүцлийг бууруулжээ.  Дугуйн өмнөх дээд амжилтыг Канадын иргэн Сам Уиттэнхэм эзэмшиж байсан бөгөөд шинэ дээд амжилтаас 0.6км/ц -аар дутуу юм байна. Доорх бичлэгээс Себастян Бовиер хэрхэн хурдалж байгааг үзээрэй.

Ниссаны цахилгаан машинууд

By IFCAR – Own work, Public Domain, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=17238574

Энэ удаа Ниссан компанийн үйлдвэрлэсэн цахилгаан машин Leaf (Навч) -ийг танилцуулахаар шийдлээ. Leaf нь зөвхөн цахилгаанаар ажилладаг гэдгээрээ онцлогтой, гэхдээ анхны цахилгаан машин биш л дээ. Харин цахилгаанаар ажилладаг машинуудын хувьд том ахиц дэвшил гаргасан гэдгээрээ онцлогтой юм. Нэгдүгээр үеийн Leaf_ийн хувьд онцгойроод байх юм байсангүй, бусад цахилгаан машины адил нэг цэнэглэлтээрээ хол зайд аялж чаддаггүй байв.

Харин хоёрдугаар үеийн Leaf үнэхээр ахиц дэвшилттэй болж нэг цэнэглэлтээр туулах зай нь үлэмж нэмэгдсэж 200км болжээ.  Ер нь зөвхөн цахилгаанаар ажилладаг машины хувьд хамгийн чухал үзүүлэлт нь нэг цэнэглэлтээр туулах зам байдаг.  Иймээс ч одоо худалдаанд гарч байгаа цахилгаан машинуудаас хамгийн сайн болж байна. Багааж болон салоон нь зай ихтэй тул бензин болон дизель хөдөлгүүртэй машинуудтай өрсөлдөхүйц болжээ. Дээд хурд нь 150км/ц хүрнэ. Түлш шатахуун хэрэглэдэггүй тул зардал маш бага гарна. Агаарын бохирдлын татвар ч төлөхгүй. Өдөр бүр цэнэглэж унадаг байхад л жилийн цахилгааны зардал нь 300 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй. Ердийн тэрэгний хувьд сарын түлш шатахууны зардал үүнээс ч их гардагтай харьцуулахад  хэмнэлттэй гэдэг нь илт.

Анх үйлдвэрлэж байхад Leaf-аас өөр цахилгаан машины сонголт үгүй байсан бол одоо Ниссаны цахилгаан машины хувилбарууд болох Visia+, Acenta болон Tekna худалдаанд гараад байна. Эдгээр бүх цахилгаан машин электрон тоног төхөөрөмжөөр сайн тоноглогдсон гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Тухайлбал бүгд Bluetooth болон USB холболтуудтай, түлхүүргүйгээр асаж явах боломжтой. Visia+ хувилбар нь ухрахын камер, хиймэл дагуулын навигацтай, хайлшин бултай, цонхнууд нь нарын гэрэл бууруулна. Харин Acenta хувилбар нь тоормослоходоо машины кинетик энергиэр зай хураагуураа цэнэглэдэг, цахилгаанд хамгийн хэмнэлттэй горимыг сонгон явах чадвартай.

Tekna хувилбар нь долоон өсгөгч бүхий аудио системтэй, машины эргэн тойрныг 360 градусаар камераар харах боломжтой, урд болон арын суудалдаа суудлын халаагчтай, 17 инчийн хайлшин бултай, ЛЕД их гэрэлтэй юм байна.

Цайруулагч арьсыг залуужуулна

By Adina Firestone (IMG_7066 (1)) [CC BY-SA 2.0], via Wikimedia Commons
Ахуйн зориулалтаар хэрэглэгддэг ердийн цайруулагч бараг шидэт гэмээр үйлчилгээтэй болохыг нээсэн байна. Цайруулагчийн маш сулхан усан уусмал нь арьсны үрэвслийг анагаагаад зогсохгүй арьсыг нарны туяанаас хамгаалах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ дур мэдэн гэртээ туршихгүй байхыг анхааруулъя. “Цайруулагчийн хэт сул уусмал арьсны нэлээд хүндэрсэн экземийг эдгээхэд тун үр дүнтэй гэдгийг эмч нар мэддэг байсан боловч чухам яг ямар учраас эмчилгээний чанартай болохыг нь тайлбарлаж чаддаггүй байсан” гэж Калифорни дахь Стэнфордын Их Сургуулийн арьсны эмгэг судлаач доктор Томас Лэунг хэлж байна. “Гэхдээ бид хэт шингэрүүлсэн ийм уусмал үнэхээр үрэвсэл, халдварын эсрэг бүрэн хүчтэй үйлчилгээтэй гэдэгт итгэж чадахгүй л байна” гэж нэмж хэлэв. Эмчилгээний журмаар хэрэглэх уусмалын концентраци нь 0.005% бөгөөд усан бассейны уснаас ч сул юм (Бассейныг ариутгахын тулд мөн л хлор бүхий цайруулагчтай ижил бодисыг усанд нь хольдог).

Леунгийн үзэж байгаагаар цайруулагч нь арьсыг шинэчлэгч эсийг үрэвслээс хамгаалдаг тул ийм гоц үйлчилгээтэй байгаа аж. Арьс нь өөрөө үрэвслийн эсрэг тэмцэх чадвартай боловч хэрэв хяналтаас гарвал гэмтэл экзем үүсдэг.

Хулгана дээр хийсэн туршилтаас:

Арьсны халдвар авсан хэсэг дахь эсүүдийн эрүүлжих процессийг NF-kB хэмээх уураг идэвхж өдөөдөг байж магадгүй гэж Леунгийн багийнхан үзэж байна. Таамаглалаа нотлохын тулд хүний арьсны эсийг 0.005%-ийн уусмалд бүтэн цагийн туршид байлгажээ. Ингэхэд уусмал NF-kB-ийн зүгээс үзүүлэх үйлчлэлийг бүрэн саатуулж байв. Цайруулагчийн идэвхтэй бодис нь гидрохлорид бөгөөд энэ нь NF-kB-ийг идэвхжүүлдэг молекулыг исэлдүүлэх эсвэл электроныг ангижруулах маягаар үйлчилдэг аж. Энэ молекул л NF-kB уургийг идэвхжүүлснээс болж арьсны тасралтгүй үрэвсэх процесс шатлан эхэлдэг. Идэвхжүүлэгчийг нь саатуулснаар арьс үрэвсэх процессийг зогсоодог гэсэн үг.

Леунгийн багийнхан цацрагийн шарлагын улмаас дерматитистэй болсон хулгануудыг энэ уусмалаар эмчилж үзэв. Цацрагийн шарлагаар үүссэн дерматитис нь наранд хэт шарж түлэгдэхтэй адил юм. Мөн цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ч бас ийм түлэгдэлт ажиглагддаг.  Арьсны түлэгдэлтэй хулгануудын нэгдүгээр хэсгийг өдөр бүр 30 минутын туршид уусмалд, нөгөө хэсгийг нь мөн хугацаагаар жирийн усанд хийжээ. Эмчилгээ 10 хоногийн туршид үргэлжилсэн байна. Эмчилгээний ваннд орсон хулгануудыг цацрагийн түлэгдэлт нь ердийн усанд оруусан хулгануудынхаас хавьгүй хурдан эдгэрсэн байв.

Дараагийн туршилт:

Тэд мөн эрүүл боловч хөгшин, арьс нь хөгширсөн хулганууд дээр туршилт хийжээ. Нэгдүгээр хэсгийн хөгшин хулгануудыг цайруулагчийн уусмалтай ваннд өдөрт хоёр удаа, хоёр долоо хоногийн туршид оруулжээ. Харин хоёрдугаар хэсгийн хөгшин хулгануудыг ердийн устай ваннд ижилх хугацаагаар оруулахв. Ингэхэд уусмалтай ваннд орсон нэгдүгээр хэсгийн хулгануудын арьсны эсүүд нь хурдацтай төлжиж арьс нь илүү зузаан, эрүүл залуу болсон байв. Тэр ч байтугай арьсны хөгшрөлтийг илэрхийлэгч хоёр генийн арьс залуу болсныг илтгэж байжээ. Гэхдээ уусмалын үйлчилгээний хугацаа харьцангуй богино гэнэ. Дахин хоёр долоо хоног өнгөрөхөд залуужсан арьс ахин хөгширч хуучин хэвэндээ оржээ. Учир нь энэ хугацаанд цайруулагчийн NF-kB-д үйлчлэх нөлөө багассаар алга болсон гэсэн үг. Иймээс уусмалын эмчилгээг давтан хийх нь хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй үйлчилж чадна гэж Леунг үзэж байна.

“Гидрохлоридийн сулруулсан уусмал ийм эмчилгээний нөлөө үзүүлж байгаа нь үнэхээр гайхалтай” гэж Калифорнийн Ла Жолла дахь Скриппсийн Хүрээлэнгийн судлаач Паул Роббинс өгүүлэв. Гидрохлорид нь исэлдүүлэх чанарт бөгөөд цэнэгтэй молекулын электроныг ангижруулах үйлчилгээтэй. Өөр молекулын электроныг ангижруулснаар сөрөг нөлөө үзүүлж болно, ялангуяа уусмалыг их концентрацитай хэрэглэвэл сөрөг нөлөө бүр ихсэж болно гэж тэр үзэж байна.

Харин Леунг уусмалын ямар ч нөлөөг буцааж  болно гэж үзэж байна. Түүнээс гадна туршилтын явцад өөр ямар нэгэн гаж үйлчлэл ажиглагдаагүй тул эмчилгээний найдвар төрүүлж байна гэжээ.  Бидний судалгааны шинэлэг тал нь гэвэл маш хямд, хаа сайгүй байдаг ахуйн химийн бүтээгдэхүүний шинэ үйлчлэлийг олсон явдал. Бидний зорилт бол гидрохлоридын үйлэлийн механизмийг нарийн судлах гэж Леунг өгүүлжээ. Хэрэв танд энэ өгүүлэл сонирхолтой санагдвал тэдний судалгааны ажлын талаар Journal of Clinical Investigation (DOI: 10.1172/JCI70895) сэтгүүлээс дэлгэрүүлэн үзэж болно.  Алиса Ботелогийн бичсэнийг орчуулан хүргэв.