Бодлого 20

$R$ радиустай тойргоор эргэж буй бөөмийн кинетик энерги замаас $T = c S^2$ хуулиар хамаарна. Энд $c$ нь тогтмол, $S$ зам. Бөөмд үйлчлэх хүчийг замаас хамааруулан ол.


Өгсөн нь:

$T=cS^2$

$c$ – тогтмол

$S$ – зам

— – – – – – – – – – – – – – – – – – – – –

Олох нь:

$F = ?$

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Бодолт:

Бөөмд үйлчлэх нийлбэр хүч нь

$$ \vec F = \vec F_{тз} + \vec F_{\tau} \quad \quad (1)$$.

Энд $F_{тз}$ нь төвөөс зугтаах хүч, $F_{\tau}$ нь тангенциал хүч.  Тангенциал хүчний хийсэн ажил нь бөөмийн кинетик энергийг нэмэгдүүлнэ.

$$dT = dA = \vec{F_{\tau}} d \vec{S} = F_{\tau} dS \quad \quad (2)$$

Нөгөө талаас кинетик энергийн өөрчлөлт нь:

$$dT = d(c\cdot S^2) = 2cS \cdot dS \quad  \quad(3) $$

(2) ба (3)-р тэгшитгэлүүдээс

$$F_{\tau} dS = 2cS dS $$

$$F_{\tau} = 2cS \quad  \quad(4)$$

болж байна.

Одоо төвөөс зутгаах хүчийг олъё. Бөөмийн масс болон хурд нь шууд өгөгдөөгүй тул  $F_{тз} = \frac{m \upsilon^2}{R}$ тэгшитгэлийг шууд хэрэглэж болохгүй нь ээ.

Харин бөөмийн кинетик энерги нь $$T = \frac{m \upsilon^2}{2} = cS^2 $$ байгааг харвал $m \upsilon^2 = 2cS^2$ болж байна. Үүнийг ашиглавал төвөөс зугтаах хүч нь $$F_{тз} = \frac{m\upsilon^2}{R} = \frac{2cS^2}{R}$$ болж байна. Ингээд нийлбэр хүч нь

$$F = \sqrt{F_{тз}^2 + F_{\tau}^2} = \sqrt{(2cS)^2 + (\frac{2cS^2}{R})^2} = 2cS\sqrt{1+ \frac{s^2}{R^2}}$$

Бодлогын хариу нь $$F = 2cS\sqrt{1+ \frac{s^2}{R^2}}$$ байна.

 

 

 

Энерги хадгалагдах хууль: Бодлого 1

Хуванцар үрэл $h$ өндрөөс шалан дээр унаад ойжээ. Хэрэв унах агшнаас 2 дахь удаагаа шал дээрээс ойх хүртэл $t$ хугацаа өнгөрсөн бол сэргэх коэффициетийг ол.


Өгөгдсөн нь:

$h$

$t$

Олох нь:

$k = ?$

Бодолт:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

$h$ өндрөөс унаад буцаж ойн $h_1$ өндөрт гарсан гэвэл сэргэх коэффициент нь

$$k = \frac{h_1}{h} = \frac{mgh_1}{mgh} \qquad \qquad (1)$$

байна. Энэ нь энергийн хэдэн хувь нь сэргэж байгааг харуулна. Унах агшнаас хойш 2 дахь удаагаа ойх хүртэл $t$ хугацаа зарцуулсан. Энэ хугацааг

$$t = t_0 + 2 t_1 \quad \quad (2)$$

гэж бичье. Энд $t_0$ нь $h$ өндрөөс шал хүрэх хугацаа, $t_1$ нь шалнаас ойж $h_1$ өндөрт хүрэх буюу $h_1$ өндрөөс эргэж шаланд хүрэх хугацаа болно.

$$h = \frac{gt^2}{2} \quad \to \quad t_0 = \sqrt{\frac{2h}{g}}  \quad \quad (3)$$

$$h_1 = \frac{gt_1^2}{2} \quad \to \quad t_1 = \sqrt{\frac{2h_1}{g}} \quad \quad (4)$$

Эдгээрийг (2) тэгшитгэлд орлуулбал:

$$ t = \sqrt{\frac{2h}{g}} + 2\sqrt{\frac{2h_1}{g}} \quad \quad (5)$$

(1)-р тэгшитгэлээс $h_1 = k h$ болохыг (5) тэгшитгэлд орлуулбал:

$$t = \sqrt{\frac{2h}{g}} \bigg( 1 + 2 \sqrt{k}\bigg) \quad \quad (6)$$

Сүүлийн тэгшитгэлээс $k$-г олбол:

$$k = \frac{1}{4} \bigg( t \sqrt{\frac{q}{2h}} – 1\bigg)^2 $$