Дахиад Приусын тухай

2016 он ы Приус. Image Credit Toyota

Хямралтай үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй унаагаар Приус шалгарч байна. Иймээс уншигчиддаа 2016 оны Приус машины талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэхийг зорилоо. Монголчуудын Приус 40 хэмээн нэрлээд байгаа энэ машин өмнөх загваруудаас чухам юугаараа ялгаатай талаар эндээс мэдэж авах болно. Үнэндээ Prius XW50 гэсэн нэртэй тул Приус 50 гэх нь илүү тохиромжтой биз ээ.

1. Хөдөлгүүрүүдийн чадлын хуваарилалтыг сайжруулжээ. 1.8 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүр, хоёр цахилгаан хөдөлгүүр, СиВиТи хурдны хайрцаг зэрэг нь өмнөх загвараас өөрчлөгдөөгүй боловч тэдгээрийн хоорондын үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлсэн байна. Дотоод шаталтын хөдөлгүүрийн эд ангийн үрэлтийг багасгаснаар ашигт үйлийн коэффицентийг 40 хувьд хүргэжээ. Мөн хөдөлгүүрээс гарах утааны дулааныг буцаан ашигласнаар шатахуун агаарын холимогийг хамгийн зохистой хэмжээнд барих боломж бүрдсэн байна. Түүнчлэн утааны халууныг хөргөлтийн шингэн буюу тосоолыг түргэн халаахад зарцуулдаг болжээ. Ингэснээр хүйтэнд машинаа халаах гэж удаан хүлээх шаардлагагүй боллоо гэсэн үг.

2. Литийн ионы зай хураагуур. Өмнөх загваруудад никел-металлын гидратын зай хураагуурыг хэрэглэдэг байсан бол энэ шинэ загварт литийн ионы зай хураагуурыг ашиглах болжээ. Хуучин зай хураагуур арын багажны хэсэгт ихээхэн зай эзэлсэн овоо жинтэй эд байсан. Харин литийн ионы зай хураагуур нь хөнгөн нимгэн болсон тул арын суудлын доогуур, шатахууны савтай зэрэгцэн байрлах болжээ.

3. 2016 оны загвар бусад загваруудаасаа шатахуунд хамгийн хэмнэлттэй нь болж чадсан. Хот дотор 100км-д 4.7л, шулуун замд 4.4л шатахуун зарцуулна. Машины салхи зүсэх чадвар болон жинг багасгасан нь үүнд бас түлхэц болсныг дурдах хэрэгтэй.  Энэ машин жолоодлогын Normal Eco, EV, ба Power гэсэн 4 горимтой.Normal буюу хэвийн горимд шатахуун зарцуулалт ба хүчин чадлын зохистой харьцааг барьдаг. Хэрэв шатахуун зарцуулалтыг улам багасгая гэвэл Эко горимыг нь сонгох хэрэгтэй. Хурд хүч шаардлагатай бол Power горим дээр тавина. Энэ горимд мэдээж шатахуун зарцуулалт хамгийн их болно. Харин зөвхөн цахилгаан хөдөлгүүрээрээ явах шаардлагатай бол EV горимыг сонгоно. Гэхдээ цахилгаан хөдөлгүүрээр хоёроос гурван км л явж болно гэдгийг анхаараарай. Зай хураагуурын цэнэг огцом дуусах тул тун удахгүй хэвийн горимд шилждэг.

4. Хэрэв та Приус машин хөлөглөдөг бол өвөл хүйтэнд шатахуун зарцуулалт огцом ихэсдгийг мэдэх биз. Үүний нэг гол шалтгаан нь салооныг халаахын тулд ихээхэн шатахуун зарцуулдагт оршино. Гадаа хасах гуч, дөчин хэм хүрч хүйтрэхэд шатахуун зарцуулалт Сонатагаас дутахааргүй болдог шүү дээ. Приусын ихэнх хэрэглэгчид халуун дулаан оронд байдаг болохоор халаалалтад зарцуулах шатахуун талаар өмнөх загваруудад ер анхаараагүй байна. Харин шинэ загварт энэ тал дээр анхаарал хандуулжээ. Автомашины хамгийн их дулаан алддаг хэсэг бол урд буюу салхины шил. Салхины шилээр дулаан алдахыг багасгахын тулд дулаан тусгаарлах чадвартай тусгай шил сонгожээ. Мөн салооныг халаах цахилгаан халаагууртай болсон тул хүйтэнд машинаа халахыг хүлээн нормальдаж зогсох шаардлагагүй болсон. Хөдөлгүүр хангалттай халангуут цахилгаан халаагуур автоматаар сална. Мөн кабиныг бүхэлд нь халаахын оронд зорчигч сууж байгаа хэсгийг л халаах болсон байна.

5. Мэдээжээр аюулгүй байдал бол анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Шинэ Приуст Safety Sens-P гэх аюулгүйн системийг суурилуулжээ. Хурдтай явж байх үед замаас огцом гарахаас сэргийлэх, холын гэрлийг автоматаар шилжүүлэх, мөргөлдөөнөөс сэргийлж тоормослох, эргэн тойрны саадыг радарын тусламжтайгаар мэдрэх, явган зорчигчийг таньж мөргөхөөс сэргийлэх гэх мэт үйлдлүүдийг автоматаар хийдэг гайхалтай ухаалаг систем юм байна.

6. Автоматаар өөрийгөө зогсоолд байрлуулж чадна. Машинуудтай зэрэгцүүлж, эсвэл замын хашлагад шахаж тавих үйлдлийн аль алийг нь гүйцэтгэж чадна. Гэхдээ зогсоолын цагаан шугам нь ойлгомжтой, тод харагдахуйц байх хэрэгтэй шүү. Мөн ойролцоо байгаа машин, эд юмсыг шүргэхгүйн тулд тусгай дохиолол хэрэглэдэг.

[post_view]

Ангараг гарагт дөч хоногийн дотор хүрнэ

Союз ТМА хөлөг. Хатуу болон шингэн түлшний (химийн урвалын) хөдөлгүүрүүдтэй. Image credit: Wikipedia
Союз ТМА хөлөг. Хатуу болон шингэн түлшний (химийн урвалын) хөдөлгүүрүүдтэй. Image credit: Wikipedia

Оросууд сансрын аялалд хувьсгал болохуйц шинэ хөдөлгүүр бүтээхээр ажиллаж байна. Уг хөдөлгүүр нь цөмийн эрчим хүчээр ажиллах аж. Одоо хэрэглэж байгаа пуужингийн хөдөлгүүр нь түлшний шатах урвалаар ялгарах дулааныг ашигладаг, өөрөөр хэлбэл химийн урвал дээр үндэслэгдсэн хөдөлгүүр юм. Химийн урвалын хөдөлгүүр нь нүсэр хүнд, үнэ өртөг ихтэйгээс гадна нарны аймгийн гаригуудад хүрэх аялалд тохиромжтой биш, боломж нь хязгаарлагдмал юм. АНУ-ын НАСА  ойрын ирээдүйд Ангараг гарагт хүний мөр гаргахаар хичээн ажиллаж байгаа билээ. Гэхдээ энэ аялал хүнд хэцүү аялал болно гэдэг нь одоо ч тодорхой. Учир нь аялал жил хагас гаруй хугацаанд үргэлжилнэ. Энэ урт хугацаанд багийн гишүүдийг хоол хүнсээр хангахаас эхлээд нарнаас ирэх цацрагийн аюулаас хамгаалах нь техник технологийн хувьд үнэхээр хүнд даваа болоод байгаа билээ.

 1960-аад онд АНУ, ЗХУ хоёр сансарт хүн гаргах, саран дээр хүн буулгах гэж өрсөлдөцгөөж байсан бол эдүгээ Ангараг гаргийг түрүүлж эзэмшихээр өрсөлдөцгөөж эхлээд байна.  Харин энэ удаа оросууд хожуу эхэлсэн ч гэсэн илүү ухаалаг гэж болохоор шийдэл боловсруулжээ. Тэдний боловсруулаад байгаа цөмийн хөдөлгүүр нь сансрын нисгэгчдийг Улаан гараг дээр зургаан долоо хоногт хүргэж чадна гэнэ. Сансрын аялалын хувьд харьцангуй бага гэж болохоор 274 сая долларын үнэ өртөгтэй төслийг улсын мэдлийн Росатом нэгтгэл хэрэгжүүлж буй бөгөөд 2018 онд цөмийн хөдөлгүүр бэлэн болж шалгалт сорилтод орох гэнэ.

Одоо хэрэглэгдэж буй химийн хөдөлгүүрүүд нь Ангараг гарагт хүмүүсийг хүргэж чадах боловч буцаан авч ирэх боломжгүй юм. Харин цөмийн хөдөлгүүр нь богино хугацаанд нисгэгчдийг Ангарагт хүргэхээс гадна Ангарагийн тойрог зам орчимд хангалттай их маневр хийх боломжтой, бүр нисгэгчдийг эх Дэлхийд буцаан авчирах чадалтай байх юм. Хэрэв оросууд энэ хөдөлгүүрээ амжилттай бүтээж чадвал NASA болон ESA -г тоосон дундаа орхилоо л гэсэн үг.  Тэд ч оросын тоосонд булагдахгүйн тулд Ангарагт америк эрийн гутлын мөрийг гаргахаар хичээн ажиллаж байна.

Мэдээг уншсан:  [post_view]

 

Графинаас ч илүү супер материал гаргаж авна

Графиныг орлож чадах шинэ материалын бүтэц. Image Credit: Madhu Menon

Маш уян хатан, атомын нэг үеийн зузаантай боловч гангаас 200 дахин бат бөх материал байвал ч…? Тэгээд бас хямдхан… Эрдэмтдийн хийсэн саяхны нээлт ийм боломж олгож байна. Шинэ материал олон талаараа графинаас ч илүү болох нь тодорхой болж байна. Хэдхэн жилийн өмнө нээгдсэн графин хэмээх гайхамшигт материал үйлдвэрлэлд нэвтэрч амжаагүй байж халаагаа өгөх нь ээ.

 

Америкийн Кентакийн Их Сургуулийн физикчид болон Германы Даймлер компанийн судлаачид цахиур, бор, азот зэрэг элементүүдээс бүрдсэн шинэ материал байж болохыг онолын хувьд нотолжээ. Ийм түгээмэл тархалттай элементүүдээс тогтох тул хямдхан ч байж аж. Хамгийн гол нь графиныг бодвол маш тогтвортой.

Компьютер загварчлалын аргаар тооцоолоод уг материал целсийн 1000 хэмд ч задрахгүй болохыг нотолсон гэнэ. Хэдийгээр уг материалын бүтэц одоогоор компьютер дээр байгаа ч гэсэн гаргаж авахын тулд эрдэмтэд тун шургуу, бас итгэл төгс ажиллаж байна.

Графин хэдийгээр гайхалтай материал ч гэсэн нэг том дутагдалтай тал бий. Графин бол хагас дамжуулагч биш. Тиймээс электроникт, тооцоолох техникт хэрэглэхэд тун тохиромж муутай юм. Графин ийм дутагдалтай талтай тул олон судалгааны байгууллагууд графинтай төсөөтэй боловч цахилгаан дамжуулалтаараа хагас дамжуулагчийн ангилалд багтах материалыг гаргаж авахаар ажиллаж байгаа билээ. Зарим нэг нь амжилтанд хүрч, үелэх системийн шилжилтийн бүлгийн металлуудын оролцоотой иймэрхүү материал бүтээсэн боловч тэдгээр элемент нь ховор, бас харьцангуй үнэтэй.

Одоо лабораторид материалыг гаргаж авах, дараа нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэсэн томоохон даваа бий.

 

Цусны хавдар өвчнийг ялсан гэнэ

Image credit: Wikipedia.org
Хүний дархлааны Т эсийг электрон микроскопоор харсан байдал

Эрдэмтэд цусны хавдар өвчнийг дархлааны эсийн генийг инженерчилэх аргаар эмчлэх туршилт хийжээ. Хүн дээр хийсэн клиникийн анхан шатны туршилтын үр дүн гайхалтай амжилттай болжээ. Туршилтыг цөөхөн сарын нас үлдсэн зуугаад сайн дурын өвчтнүүд дээр хийсэн байна. Ингэхдээ дархлааны Т эс буюу цусны цагаан эсийг “дасгалжуулан” хавдрын эсийг довтолдог болгон хувиргажээ. Туршилтанд орсон нийт цочмог лимфобластийн лейкоз  (ALL буюу оросоор Острый лимфобластный лейкоз)  оноштой өвчтнүүдийн 94% нь эдгэж, хавдар ул мөргүй алга болсон байна.  Харин бусад төрлийн цусны хавдартай өвчтнүүдийн 80 хувьд эмчилгээ сайнаар нөлөөлж, тэдгээрийн бараг тал хувь нь эдгэжээ.

Эмчилгээний шинэ аргын талаар Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Холбооны хурал дээр хэлэлцсэн бөгөөд ” Эмчилгээний аргыг ийм өндөр үр дүнтэй гарна гэж бодож байгаагүй.  Амьдрах ямар ч найдваргүй болсон өвчтнүүдийг ийм өндөр хувьтай эдгээж байгаа нь энэ аргын давуу талыг харуулж байна” гэж судлаач Стэнли Риддел өгүүлсэн байна.

Эмчилгээг одоогоор дөрвөн шаттай хийж байгаа аж. Үүнд:

  1. Өвчтнөөс цус авч түүнээс цусны цагаан эсийг ялгаж авна
  2. Ялган авсан эсүүдийн генийг өөрчилнө. Ингэснээр эсийн мэдрэгч нь хавдрын эсийг хайдаг болно.
  3. Инженерчилж өөрчилөн эсүүдийг үржүүлж олшруулна.
  4. Олшруулсан эсийг буцаан өвчтөнд тариураар тарина. Эдгээр эсүүдийн эсрэг биетийн хүлээн авагч нь цусны хавдрын эсийг таньснаар устгах болно.

Туршилт судалгааг хийсэн Стэнли Риддел нь Вашингтон дахь Фред Хючтинсоны нэрэмжит Хавдрын Судалгааны төвд ажилладаг юм.  “Энэ эмчилгээ нь бас гаж нөлөөтэй байж магадгүй, гэхдээ инженерчилсэн эсийн тоог багасгаснаар гаж нөлөөг нь бууруулж болно.  Эдгээр өвчтнүүд ямар ч найдваргүй болоод байсан. Манай туршилт эмчилгээнд хамрагдсан өвчтнүүд ихээр бодоход л 2-оос 5 сарын настай байсан. ” гэж Стэнли мэдэгджээ.

 

 

Хүн төрөлхтөн Энергийн хязгааргүй эх сурвалжтай болно

Венделштейн 7 Икс. By Gwurden – Own work, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=27785637

Халуун цөмийн нэгдэх урвалыг хяналттайгаар явуулж чадвал эрчим хүчний хязгааргүй их эх үүсвэртэй болох билээ. Нарны ялгаруулж байгаа илч дулаан нь халуун цөмийн урвал буюу устөрөгчийн цөмүүд хоорондоо нэгдэж гелийн цөм үүсэх урвалаар ялгардаг. Харин одоо ашиглагдаж буй бүх атомын цахилгаан станц нь цөмийн хуваагдах урвалыг ашиглаж илч дулаан гаргадаг боловч цацрагийн хаягдал, реактор хайлж тэсрэх зэрэг аюул эрсдэлтэй юм.

Халуун цөмийн урвалын дүнд цацраг идэвхт хаягдал гарахгүй, АЦС шиг дэлбэрэх аюулгүй, түлш буюу дейтрий нь хаа ч элбэг зэрэг асар их давуу талуудтай. Дейтери нь устөрөгчийн изотоп бөгөөд байгаль дээрх устөрөгчийн 0.015% -ийг эзэлдэг. Дэлхий дээрх бүх дейтрий нь хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээг 150 тэрбум жилийн туршид хангаж чадна.

Тийм ч учраас эрдэмтэд халуун цөмийн урвалыг тогтвортой явуулах реактор бүтээхээр олон арван жилийн туршид уйгагүй ажилласаар байгаа билээ. Тэдний ажлын үр дүнд сүүлийн үед хэд хэдэн томоохон ахиц дэвшил гараад байна. 2016 оны нэгдүгээр сард Герман дахь Макс Планкийн нэрэмжит судалгааны хүрээлэнд халуун цөмийн урвал явуулах реакторыг амжилттай ажиллуулж чаджээ. Венделштейн 7 Икс гэж нэрлэгдэх уг төхөөрөмжид халуун цөмийн урвал явуулж 80 сая хэмтэй халуун плазмыг 0.25секундын туршид тогтоон барьж чадав. Энэ реактор нь зөвхөн судалгааны зориулалттай тул цахилгаан эрчим хүч гаргахгүй. Эрчим хүч гаргадаг, цахилгаан станцыг ажиллуулаад байхаар реактор бүтээхэд бас хэдэн жилийн хөдөлмөр шаардлагатай байгаа юм.

Хятадуудын бүтээсэн халуун цөмийн реактор. Image Credit: Chinese Academy of Science.
Хятадуудын бүтээсэн халуун цөмийн реактор. Image Credit: Chinese Academy of Science.

Германчууд реактор бүтээсэн баяраа тэмдэглэж дуусаагүй байтал манай урд хөршийн эрдэмтэд бас ийм төрлийн реактор амжилттай бүтээж, Целсийн 40 сая хэмтэй плазмыг 100с-ийн туршид тогтоон барьж чадсан байна. Одоо германчууд плазмыг тогтоон барих хугацаагаа уртасгахаар ажиллаж байгаа бол хятадууд температурыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна.