Таны компьютерийн хүчин чадал удахгүй терафлопоор хэмжигдэнэ
Интел компани энэ долоо хоногийн эхээр ширээний компьютерийн хамгийн хүчирхэг процессор хийснээ албан ёсоор зарлалаа. Уг процессор нь 18 ширхэг цөмтэй, 1999 ам. долларын үнэтэй. Онцлох зүйл гэвэл процессорын хурд анх удаа терафлопын босгыг давж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл энэ процессор нь нэг секундэд триллион үйлдэл хийх чадвартай.
Core i9 Extreme Edition гэж нэрлэсэн энэхүү сүүлийн үеийн процессорыг одоохондоо дундаж хэрэглэгчид худалдан авах шаардлагагүй юм. Имэйл шалгах, мэдээ унших эсвэл өндөр дүрслэлтэй кино үзэх зэргийг одоо байгаа процессорууд хангалттай хурдтай гүйцэтгэж байгаа билээ. Харин өндөр нягтралтай буюу 4К дэлгэц дээр гурван хэмжээст тоглоомыг онлайн горимд тоглох, эсвэл төвөгтэй тооцоо бүхий маш олон үйлдлүүдийг зэрэг гүйцэтгэх шаардлагатай бол энэ хүчирхэг процессор танд хэрэгтэй.
Терафлоп гэх хэллэг зарим уншигчидад танил биш байж болох юм. Иймээс энэ талаар товч өгүүлье. FLOPS гэдэг нэгжээр тооцоолох техникийн үзүүлэлтийг хэмждэг бөгөөд floating-point operation per second гэсэн англи үгний товчлол юм. Монголчилбол нэг секундэд хийх нарийвчлалтай буюу хөвөх таслалтай тооны үйлдэл гэсэн утгатай болно. Жишээ нь “3.36*64.356=” гэсэн илэрхийллийн утгыг нэг секундийн хугацаанд гүйцэтгэсэн бол 1FLOPS хурдтай, харин 1 терафлоп гэдэг нь нэг секундэд триллион ийм үйлдэл гүйцэтгэх хурдтай гэсэн үг. 1976 онд үйлдвэрлэгдсэн Крей-1 хэмээх суперкомпьютер нь 160мегафлоп хурдтай байсан. Үүнтэй харьцуулбал шинэ процессор (Зөвхөн ганцхан процессор шүү! Харин суперкомпьютер мянга мянга процессороос бүрддэг.) нь түүнээс даруй 6 мянга дахин хурдтай байгаа юм. 2000 он хүртэл суперкомпьютерийн хурд терафлопоор л хэмжигдэж байв. Харин Сандигийн Үндэсний Лабораторид байсан ASCI Red гэдэг супер компьютер л терафлопын босгыг давсан байв. Харин 2000 оноос хойш суперкомпьютерүүдийн хүчин чадал ч дээшилж, хурд нь терафлопоор хэмжигдэх болсон билээ. Жишээ нь одоо байгаа хамгийн хурдан супер компьютерийн нэг, АНУ-ын Аргоны Үндэсний Лаборатори дахь суперкомпьютер нь 10 петафлопын хурдтай. Үүгээр маш өргөн хүрээний төвөгтэй тооцооллыг гүйцэтгэдэг. Тухайлбал АНУ-ын нутагт эбола вирус хэрхэн тархаж болохыг тооцоолж байжээ. Их хурдтай компьютер зөвхөн тооцоололд хэрэглэгддэг зүйл биш. Тухайлбал дүрс бичлэгийг эвлүүлэх, засварлахад эсвэл виртуал бодит байдлыг бий болгоход өндөр хурдтай компьютер шаардлагатай байдаг. Ийм хурдтай процессорууд бий болсноор виртуал бодит ертөнцөд 4К нарийвчлалтай тоглоом тоглох боломжтой болох юм.
Компьютерийн процессор үйлдвэрлэдэг өөр нэг компани нь ЭйЭмДи (AMD) билээ. Нэг процессор доторх цөмийн тоогоор Интел нь ямагт тэргүүлсээр байгаа. i9 Extreme Edition -тэй өрсөлдөх ЭйЭмДи-ийн “Treadripper” хэмээх процессор нь 16 цөмтэй юм. Харин Интелийн 18 цөмт процессорын цөм бүр нь hyper-threading горимоор, өөрөөр хэлбэл нэгэн зэрэг хоёр даалгавар дээр ажиллаж чадах тул процессор нь 18X2=36 үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна.