Графинаас ч илүү супер материал гаргаж авна
Маш уян хатан, атомын нэг үеийн зузаантай боловч гангаас 200 дахин бат бөх материал байвал ч…? Тэгээд бас хямдхан… Эрдэмтдийн хийсэн саяхны нээлт ийм боломж олгож байна. Шинэ материал олон талаараа графинаас ч илүү болох нь тодорхой болж байна. Хэдхэн жилийн өмнө нээгдсэн графин хэмээх гайхамшигт материал үйлдвэрлэлд нэвтэрч амжаагүй байж халаагаа өгөх нь ээ.
Америкийн Кентакийн Их Сургуулийн физикчид болон Германы Даймлер компанийн судлаачид цахиур, бор, азот зэрэг элементүүдээс бүрдсэн шинэ материал байж болохыг онолын хувьд нотолжээ. Ийм түгээмэл тархалттай элементүүдээс тогтох тул хямдхан ч байж аж. Хамгийн гол нь графиныг бодвол маш тогтвортой.
Компьютер загварчлалын аргаар тооцоолоод уг материал целсийн 1000 хэмд ч задрахгүй болохыг нотолсон гэнэ. Хэдийгээр уг материалын бүтэц одоогоор компьютер дээр байгаа ч гэсэн гаргаж авахын тулд эрдэмтэд тун шургуу, бас итгэл төгс ажиллаж байна.
Графин хэдийгээр гайхалтай материал ч гэсэн нэг том дутагдалтай тал бий. Графин бол хагас дамжуулагч биш. Тиймээс электроникт, тооцоолох техникт хэрэглэхэд тун тохиромж муутай юм. Графин ийм дутагдалтай талтай тул олон судалгааны байгууллагууд графинтай төсөөтэй боловч цахилгаан дамжуулалтаараа хагас дамжуулагчийн ангилалд багтах материалыг гаргаж авахаар ажиллаж байгаа билээ. Зарим нэг нь амжилтанд хүрч, үелэх системийн шилжилтийн бүлгийн металлуудын оролцоотой иймэрхүү материал бүтээсэн боловч тэдгээр элемент нь ховор, бас харьцангуй үнэтэй.
Одоо лабораторид материалыг гаргаж авах, дараа нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэсэн томоохон даваа бий.