Цайруулагч арьсыг залуужуулна

By Adina Firestone (IMG_7066 (1)) [CC BY-SA 2.0], via Wikimedia Commons
Ахуйн зориулалтаар хэрэглэгддэг ердийн цайруулагч бараг шидэт гэмээр үйлчилгээтэй болохыг нээсэн байна. Цайруулагчийн маш сулхан усан уусмал нь арьсны үрэвслийг анагаагаад зогсохгүй арьсыг нарны туяанаас хамгаалах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. Гэхдээ дур мэдэн гэртээ туршихгүй байхыг анхааруулъя. “Цайруулагчийн хэт сул уусмал арьсны нэлээд хүндэрсэн экземийг эдгээхэд тун үр дүнтэй гэдгийг эмч нар мэддэг байсан боловч чухам яг ямар учраас эмчилгээний чанартай болохыг нь тайлбарлаж чаддаггүй байсан” гэж Калифорни дахь Стэнфордын Их Сургуулийн арьсны эмгэг судлаач доктор Томас Лэунг хэлж байна. “Гэхдээ бид хэт шингэрүүлсэн ийм уусмал үнэхээр үрэвсэл, халдварын эсрэг бүрэн хүчтэй үйлчилгээтэй гэдэгт итгэж чадахгүй л байна” гэж нэмж хэлэв. Эмчилгээний журмаар хэрэглэх уусмалын концентраци нь 0.005% бөгөөд усан бассейны уснаас ч сул юм (Бассейныг ариутгахын тулд мөн л хлор бүхий цайруулагчтай ижил бодисыг усанд нь хольдог).

Леунгийн үзэж байгаагаар цайруулагч нь арьсыг шинэчлэгч эсийг үрэвслээс хамгаалдаг тул ийм гоц үйлчилгээтэй байгаа аж. Арьс нь өөрөө үрэвслийн эсрэг тэмцэх чадвартай боловч хэрэв хяналтаас гарвал гэмтэл экзем үүсдэг.

Хулгана дээр хийсэн туршилтаас:

Арьсны халдвар авсан хэсэг дахь эсүүдийн эрүүлжих процессийг NF-kB хэмээх уураг идэвхж өдөөдөг байж магадгүй гэж Леунгийн багийнхан үзэж байна. Таамаглалаа нотлохын тулд хүний арьсны эсийг 0.005%-ийн уусмалд бүтэн цагийн туршид байлгажээ. Ингэхэд уусмал NF-kB-ийн зүгээс үзүүлэх үйлчлэлийг бүрэн саатуулж байв. Цайруулагчийн идэвхтэй бодис нь гидрохлорид бөгөөд энэ нь NF-kB-ийг идэвхжүүлдэг молекулыг исэлдүүлэх эсвэл электроныг ангижруулах маягаар үйлчилдэг аж. Энэ молекул л NF-kB уургийг идэвхжүүлснээс болж арьсны тасралтгүй үрэвсэх процесс шатлан эхэлдэг. Идэвхжүүлэгчийг нь саатуулснаар арьс үрэвсэх процессийг зогсоодог гэсэн үг.

Леунгийн багийнхан цацрагийн шарлагын улмаас дерматитистэй болсон хулгануудыг энэ уусмалаар эмчилж үзэв. Цацрагийн шарлагаар үүссэн дерматитис нь наранд хэт шарж түлэгдэхтэй адил юм. Мөн цацрагийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ч бас ийм түлэгдэлт ажиглагддаг.  Арьсны түлэгдэлтэй хулгануудын нэгдүгээр хэсгийг өдөр бүр 30 минутын туршид уусмалд, нөгөө хэсгийг нь мөн хугацаагаар жирийн усанд хийжээ. Эмчилгээ 10 хоногийн туршид үргэлжилсэн байна. Эмчилгээний ваннд орсон хулгануудыг цацрагийн түлэгдэлт нь ердийн усанд оруусан хулгануудынхаас хавьгүй хурдан эдгэрсэн байв.

Дараагийн туршилт:

Тэд мөн эрүүл боловч хөгшин, арьс нь хөгширсөн хулганууд дээр туршилт хийжээ. Нэгдүгээр хэсгийн хөгшин хулгануудыг цайруулагчийн уусмалтай ваннд өдөрт хоёр удаа, хоёр долоо хоногийн туршид оруулжээ. Харин хоёрдугаар хэсгийн хөгшин хулгануудыг ердийн устай ваннд ижилх хугацаагаар оруулахв. Ингэхэд уусмалтай ваннд орсон нэгдүгээр хэсгийн хулгануудын арьсны эсүүд нь хурдацтай төлжиж арьс нь илүү зузаан, эрүүл залуу болсон байв. Тэр ч байтугай арьсны хөгшрөлтийг илэрхийлэгч хоёр генийн арьс залуу болсныг илтгэж байжээ. Гэхдээ уусмалын үйлчилгээний хугацаа харьцангуй богино гэнэ. Дахин хоёр долоо хоног өнгөрөхөд залуужсан арьс ахин хөгширч хуучин хэвэндээ оржээ. Учир нь энэ хугацаанд цайруулагчийн NF-kB-д үйлчлэх нөлөө багассаар алга болсон гэсэн үг. Иймээс уусмалын эмчилгээг давтан хийх нь хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй үйлчилж чадна гэж Леунг үзэж байна.

“Гидрохлоридийн сулруулсан уусмал ийм эмчилгээний нөлөө үзүүлж байгаа нь үнэхээр гайхалтай” гэж Калифорнийн Ла Жолла дахь Скриппсийн Хүрээлэнгийн судлаач Паул Роббинс өгүүлэв. Гидрохлорид нь исэлдүүлэх чанарт бөгөөд цэнэгтэй молекулын электроныг ангижруулах үйлчилгээтэй. Өөр молекулын электроныг ангижруулснаар сөрөг нөлөө үзүүлж болно, ялангуяа уусмалыг их концентрацитай хэрэглэвэл сөрөг нөлөө бүр ихсэж болно гэж тэр үзэж байна.

Харин Леунг уусмалын ямар ч нөлөөг буцааж  болно гэж үзэж байна. Түүнээс гадна туршилтын явцад өөр ямар нэгэн гаж үйлчлэл ажиглагдаагүй тул эмчилгээний найдвар төрүүлж байна гэжээ.  Бидний судалгааны шинэлэг тал нь гэвэл маш хямд, хаа сайгүй байдаг ахуйн химийн бүтээгдэхүүний шинэ үйлчлэлийг олсон явдал. Бидний зорилт бол гидрохлоридын үйлэлийн механизмийг нарийн судлах гэж Леунг өгүүлжээ. Хэрэв танд энэ өгүүлэл сонирхолтой санагдвал тэдний судалгааны ажлын талаар Journal of Clinical Investigation (DOI: 10.1172/JCI70895) сэтгүүлээс дэлгэрүүлэн үзэж болно.  Алиса Ботелогийн бичсэнийг орчуулан хүргэв.