Машин авах гэж байгаа бол…
Монгол бол эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Өвлийн улиралд машинаа унаад явъя гэхэд олон бэрхшээл тулгарна. Замын халтиргаа, утаа униар, хөдөлгүүрийг тас хөлдөөм хүйтэн… Ихэнх машин үйлдвэрлэгч орнууд зөөлөн дулаан уур амьсгалтай тул тэсгим хүйтнийг тэсвэрлэх машин цөөхөн. Гэхдээ ямар үзүүлэлттэй машин сонговол илүү тохиромжтой талаар хэдхэн зөвлөгөө хүргэе:
- Дөрвөн дугуйн хөтөлгөөтэй байх нь тун чухал. Ийм машин халтиргаа гулгаа, шавар намагт зүтгэх хүч сайн гаргана. Ихэнх жийпнүүд дөрвөн дугуйн хөтөлгөөтэй байдаг ч гэсэн бас дөрвөн дугуйн хөтөлгөөтэй жижиг тэрэгнүүд ч олон бий. Ийм машинууд 4WD, AWD мэт тэмдэглээтэй. 4WD нь 4 Wheel Drive, AWD нь All Wheel Drive гэсэн утгатай үгс юм.
- Хүйтэнд удаан байсан машиныг асаах нь үнэхээр хэцүү байдаг билээ. Ассан ч гэсэн хөдөлгүүр тун хурдан элэгдаж мууддаг. Зарим машинууд цаанаасаа тавьсан хөдөлгүүрийн блок халаагчтай байдаг. Хөдөлгүүрийн блок халаагчтай сүүлийн үеийн машинууд гэвэл 2014 оны Acura MDX болон 2014 Ford Fusion зэрэг болно. Мөн Мерседесийн хуучны зарим дизел хөдөлгүүрт 220В-д залгадаг цахилгаан халаагчуудтай байдаг.
- Суудлын халаагч бас л хэрэгтэй зүйлсийн нэг. Люкс ангиллын машинууд л ийм тоноглолтой байсан бол сүүлийн үед ердийн машинуудад ч урд болон арын суудалд нь халаагч тавих болжээ. Тэр ч байтугай жолооны хүрдэндээ халаагчтай машинууд хүртэл бий болов. Машины салооны халаагч суудлыг халаах хүртэл нэлээд хугацаа зарцуулдаг бол суудлын халаагч нь маш түргэн хугацаанд суудлыг халааж тав тухтай болгодогоороо давуу талтай юм.
- Хүйтэнд тохиолддог бас нэг бяцхан бэрхшээл бол толь цантах явдал. Хүйтэнд урд цонхоо онгойлгоход л толь цантчихдаг. Мөн цас ороод толин дээр мөсөн бүрхүүл тогтох нь ч бий. Зарим машинд толины цанталтыг арилгахын тулд ар талд нь халаагч элемент наасан байдаг. Цан арилгах товчлуурыг дарахад хажуу талын толиноос гадна арын шилийн халаагч ч бас давхар ажиллахаар хийсэн байх нь элбэг.
-
Машиныг алсаас удирдаж асаах систем бас л хэрэгтэй тоноглолын нэг. Ийм асаалтын системийг ихэвчлэн тусад нь суулгадаг боловч сүүлийн үеийн машинуудад цаанаас нь тавьж суулгаж өгөх болжээ. Машиндаа сууж хөдлөхөөсөө өмнө машинаа асаачихна. Таныг машиндаа суухад салоон болон хөдөлгүүр халж, машин хөдлөхөд бэлэн болсон байна. 2014 оны Scion болон Мицубиши Мираж машинд ийм удирдлага бий.
- Хүйтэнд цас, бороо орж тэр нь шил арчигчийг салхины шилтэй барьцалдуулан хөлдөөдөг. Шил арчигчаа ажиллуулбал боолт нь суларч холхихоос цаашгүй болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд шил арчигчид зориулсан тусгай халаагч хийх болжээ. 2014 оны Субару Форестер болон Тоёота 4 Раннер машинд ийм халаагч тавьсан байдаг.