Таны компьютерийн хүчин чадал удахгүй терафлопоор хэмжигдэнэ

Intel Core i9 процессор. Уг процессорыг 14нм технолгийг ашиглан бүтээжээ. Image Credit: Intel

Интел компани энэ долоо хоногийн эхээр ширээний компьютерийн хамгийн хүчирхэг процессор хийснээ албан ёсоор зарлалаа. Уг процессор нь 18 ширхэг цөмтэй, 1999 ам. долларын үнэтэй. Онцлох зүйл гэвэл процессорын хурд анх удаа терафлопын босгыг давж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл энэ процессор нь нэг секундэд триллион үйлдэл хийх чадвартай.

Core i9 Extreme Edition гэж нэрлэсэн энэхүү сүүлийн үеийн процессорыг одоохондоо дундаж хэрэглэгчид худалдан авах шаардлагагүй юм. Имэйл шалгах, мэдээ унших эсвэл өндөр дүрслэлтэй кино үзэх зэргийг одоо байгаа процессорууд хангалттай хурдтай гүйцэтгэж байгаа билээ. Харин өндөр нягтралтай буюу 4К дэлгэц дээр гурван хэмжээст тоглоомыг онлайн горимд тоглох, эсвэл төвөгтэй тооцоо бүхий маш олон үйлдлүүдийг зэрэг гүйцэтгэх шаардлагатай бол энэ хүчирхэг процессор танд хэрэгтэй.

Терафлоп гэх хэллэг зарим уншигчидад танил биш байж болох юм. Иймээс энэ талаар товч өгүүлье. FLOPS гэдэг нэгжээр тооцоолох техникийн үзүүлэлтийг хэмждэг бөгөөд floating-point operation per second гэсэн англи үгний товчлол юм. Монголчилбол нэг секундэд хийх нарийвчлалтай буюу хөвөх таслалтай тооны үйлдэл гэсэн утгатай болно. Жишээ нь “3.36*64.356=” гэсэн илэрхийллийн утгыг нэг секундийн хугацаанд гүйцэтгэсэн бол 1FLOPS хурдтай, харин 1 терафлоп гэдэг нь нэг секундэд триллион ийм үйлдэл гүйцэтгэх хурдтай гэсэн үг. 1976 онд үйлдвэрлэгдсэн Крей-1 хэмээх суперкомпьютер нь 160мегафлоп хурдтай байсан. Үүнтэй харьцуулбал шинэ процессор (Зөвхөн ганцхан процессор шүү! Харин суперкомпьютер мянга мянга процессороос бүрддэг.) нь түүнээс даруй 6 мянга дахин хурдтай байгаа юм.  2000 он хүртэл суперкомпьютерийн хурд терафлопоор л хэмжигдэж байв. Харин Сандигийн Үндэсний Лабораторид байсан ASCI Red гэдэг супер компьютер л терафлопын босгыг давсан байв. Харин 2000 оноос хойш суперкомпьютерүүдийн хүчин чадал ч дээшилж, хурд нь терафлопоор хэмжигдэх болсон билээ. Жишээ нь одоо байгаа хамгийн хурдан супер компьютерийн нэг, АНУ-ын Аргоны Үндэсний Лаборатори дахь  суперкомпьютер нь 10 петафлопын хурдтай.  Үүгээр маш өргөн хүрээний төвөгтэй тооцооллыг гүйцэтгэдэг. Тухайлбал АНУ-ын нутагт эбола вирус хэрхэн тархаж болохыг тооцоолж байжээ. Их хурдтай компьютер зөвхөн тооцоололд хэрэглэгддэг зүйл биш. Тухайлбал дүрс бичлэгийг эвлүүлэх, засварлахад эсвэл виртуал бодит байдлыг бий болгоход өндөр хурдтай компьютер шаардлагатай байдаг. Ийм хурдтай процессорууд бий болсноор виртуал бодит ертөнцөд 4К нарийвчлалтай тоглоом тоглох боломжтой болох юм.

Компьютерийн процессор үйлдвэрлэдэг өөр нэг компани нь ЭйЭмДи (AMD) билээ. Нэг процессор доторх цөмийн тоогоор Интел нь ямагт тэргүүлсээр байгаа. i9 Extreme Edition -тэй өрсөлдөх ЭйЭмДи-ийн “Treadripper”  хэмээх процессор нь 16 цөмтэй юм. Харин Интелийн 18 цөмт процессорын цөм бүр нь hyper-threading горимоор, өөрөөр хэлбэл нэгэн зэрэг хоёр даалгавар дээр ажиллаж чадах тул процессор нь 18X2=36 үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна.

SSD гэж юу вэ?

By Jacek Halicki – Own work, CC BY-SA 4.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=60157072

Анхны хатуу дискийг 1980 онд бүтээжээ. Энэ дискний багтаамж нь дөнгөж 5мегабайт байв. Үүнээс хойш багтаамж нь тасралтгүй өссөөр эдүгээ та бидний хэрэглэж буй компьютерын хатуу дискний багтаамж нь терабайтаар хэмжигдэхүйц болж нэмэгджээ. Анхны хатуу дискнээс даруй 200 мянга дахин их багтаамжтай болоод байна. Тун удахгүй 10терабайт багтаамжтай хатуу диск бүхий компьютерууд ердийн стандарт болно. Гэвч хатуу дискэнд нэгэн өрсөлдөгч гарч иржээ. Энэ бол SSD (Solid State Drive) юм. Магадгүй зарим нэг хэрэглэгчид аль хэзээний ийм санах ой бүхий компьютер худалдаад авчихсан, хэрэглэж байж ч мэднэ. Товчоор хэлбэл SSD нь ерөнхийдөө бидний хэрэглэдэг флэш санах ойтой төсөөтэй. Гэхдээ хэмжээ болон багтаамж нь илүү том, илүү нарийн ажиллагаатай. SSD дотор хатуу дисктэй ижил эргэлдэх, хөдлөх эд анги байхгүй. Хатуу дискнээс мэдээлэл уншихгүй үед ч гэсэн диск нь өндөр хурдтайгаар байнга эргэлдэж байдаг.

SSD-ийн үндсэн санаа бараг 50-иад жилийн өмнө гарсан ч гэсэн тухайн үеийн технологиор нь хангалттай багтаамжтай, найдвартай санах ой хийх боломжгүй байсан юм. 1976 онд Датарам хэмээх компани анхны SSD-г үйлдвэрлэн гаргаж байсан боловч хэт нүсэр, хэт үнэтэй байсан тул зах зээл дээр амжилт олж чадаагүй аж. Уг SSD нь 256килобайт багтаамжтай боловч 9700 ам. долларын үнэтэй байжээ. Одоогийн ханшаар бол 37000 ам. доллар гэсэн үг. Хэрэв 1терабайт багтаамжтай SSD байна гэвэл 150 тэрбум ам. долларын үнэтэй болно. Гэвч инженерүүд уг технологийг сайжруулахаар, тасралтгүй оролдож, янз бүрийн SSD-г туршсаар байсныг дурдах нь зүйтэй.

Харин нанотехнологийн хөгжлийн дүнд SSD-г тун хямд, бас их багтаамжтай, өндөр үзүүлэлттэй хийх бололцоотой болж байна. SSD нь ямар ч хөдөлгөөнтэй эд ангигүй. Хатуу дискний хувьд шаардлагатай өгөгдлөө олж уншихын тулд унших бичих толгойг нааш цааш нь зөөн хөдөлгөдөг. Харин SSD дээр  бичигдсэн шаардлагатай өгөгдлийг олж унших, бичих үүргийг түүн дотор байрлах жижиг процессор буюу контроллер гүйцэтгэнэ. Энэ контроллерын хурднаас SSD-ийн унших бичих хурд шууд хамаардаг. Контроллер нь унших бичихээс гадна бичилтийн алдааг хянах, зарим тохиолдолд өгөгдлийг шифрлэх, шифр тайлах гэх мэт маш олон үйлдлийг гүйцэтгэдэг. Одоогоор хамгийн хурдтай контроллер нь Samsung фирмийн MEX бөгөөд унших хурд нь 550МБ/с, бичих хурд нь 520МБ/с хүрнэ.

Teravolt at English Wikipedia [CC BY 3.0 (http://creativecommons.org/licenses/by/3.0)], via Wikimedia Commons

Одоо  SSD-ийн үзүүлэлтүүдийг хатуу дисктэй харьцуулж үзье:

  • Эрчим хүч бага хэрэглэдэг. Ердийн хатуу диск нь 7Ватт чадалтай бол зарцуулдаг бол SSD нь 2-3Ватт чадалтай.  Өөрөөр хэлбэл 2-3 дахин бага эрчим хүч зарцуулна.
  • SSD нь харьцангуй үнэтэй. 1Терабайт багтаамжтай хатуу диск 40-50ам. доллар үнэтэй бол мөн ийм багтаамжтай SSD нь 230ам. доллар үнэтэй.
  • Бага багтаамжтай.  Гэхдээ одоохондоо! Десктоп компьютерт зориулсан их багтаамжтай SSD нь 4Терабайт, нөтбүүкт зориулсан SSD нь голдуу 1Терабайтаас бага багтаамжтай. Харин хатуу дискний хувьд энэ үзүүлэлт 1-10Терабайт хүрч байгаа билээ. Гэвч 2016 он 8 сард Самсунг компани 32Терабайт багтаамжтай SSD үйлдвэрлэж эхэлжээ.
  • Компьютер ачаалах хурдны хувьд SSD нь хавьгүй их хурдтай. Ердийн хатуу дисктэй компьютер 30-40 секундэд ачаалагддаг бол SSD бүхий компьютер 10 секундэд ачаалагдана.
  • SSD дотор хөдөлгөөнтэй эд анги байхгүй учир ямар ч анир чимээгүй ажиллана. Харин хатуу диск нь байнга эргэлдэж байх тул дүнгэнэсэн чимээ гарна. Унших бичих үед соронзон толгойн зөөгдөж байгаа чимээ тод сонсогддог.
  • Бичлэгийн алдаа гарах магадлал нь хатуу дискнээс 1.5 дахин бага.
  • SSD-ийн унших хурд 550МБ/с хүрдэг бол хамгийн хурдтай хатуу дискний хурд 120МБ/с. Энэ бол SSD-ийн хамгийн том давуу тал юм.
  • SSD нь гаднын цохилт, доргилтод маш тэсвэртэй. Харин хатуу дискийг унагах, доргиох, ялангуяа бичлэг бичиж байх үед нь доргиовол эвдрэх өндөр магадлалтай байдаг.
  • Хатуу дискийг гаднын хүчтэй соронзонд ойртуулбал доторх бичлэг нь устаж алга болох магадлалтай. Харин SSD-т ийм сул тал байхгүй.
  • SSD-ийн унших бичих тоо нь хязгаарлагдмал. Энэ бол хамгийн том сул тал нь. Байнгын ажиллагаатай компьютерын SSD нь ойролцоогоор 10 жилийн дараа “элэгдэж” эвдэрнэ. Гэхдээ компьютер, тооцоолох техникийн эдэлгээний хугацаа 5 жил байдгийг санавал энэ нь хангалттай хугацаа юм. Харин хатуу диск олон арван жил найдвартай ажилладаг билээ.

Хэрэв та маш их өгөгдөл (10Терабайтаас их) хадгалах шаардлагатай бол, аль болох хямд систем хайж байгаа бол, компьютерын ачаалах болон унших бичих хурд таны ажилд нөлөөлдөггүй бол хатуу дисктэй компьютерыг сонгох нь зүйтэй.

Харин таны ажилд хурд чухал шаардлагатай, үнэ өртөг таны хувьд асуудал биш бол SSD-ийг сонгох нь зүйтэй.

 

Хүний биеийг дэлгэц болгоно гэнэ

Хацар дээр наасан дэлгэц. Image Credit: Tokyo University

Одоогоор биедээ үргэлж авч явж болохоор дэлгэц гэвэл смарт цаг л байна. Цагаа харж болохоос гадна янз бүрийн мэдрэгч элементүүд болон ЖиПиЭс-тэй тул бараг л ухаалаг гар утсанд дөхөж очсон чадвартай. Гэхдээ нэг л дутагдал бий. Дэлгэц нь даан ч жижигхэн… Тэгвэл дөнгөж саяхан бүтээсэн, хүний арьсан дээр наалддаг маш нимгэн ЛЭД дэлгэц энэ дутагдалтай талыг нь нөхөж чадах нь ээ. Японы эрдэмтэд, судлаачдын бүтээсэн энэ дэлгэц дөнгөж 3-хан микрометр зузаантай. Өөрөөр хэлбэл 0.003мм, хүний үснээс 15 дахин нимгэн. Зөвхөн дэлгэц ч биш, бас нэлээд хурц ЛЭД гэрэлтэй. Наалддаг нимгэн дэлгэц хийхээр газар газрын эрдэмтэд нэлээд эртнээс оролдож эхэлсэн түүхтэй. Гэхдээ өмнөх наалддаг дэлгэцүүд нэлээд дулаан ялгаруулж халдаг байсан тул арьсан дээрээ шууд нааж бас л болохооргүй байжээ. Түүнчлэн агаарт хэдхэн цаг ажиллаад л эвдэрдэг байв. Харин япончуудын бүтээсэн дэлгэц эрчим хүч бага хэрэглэж, маш бага дулаан ялгаруулах тул шууд арьсан дээрээ наагаад ховхорч унах хүртэл удаан хэрэглэж болох аж.   Тэдний бүтээлийн гол нууц нь идэвхгүйжүүлэх үе гэж нэрлэгдэх нимгэн хамгаалагч гадаргуунд оршино. Энэ үе нь дэлгэц, хүний арьсыг хооронд нь нягт наалдуулахаас гадна дэлгэц арьсны хөдөлгөөнийг дагаж сунахад эвдрэлээс хамгаалж чаддаг юм байна. Хүний хөлс, хүчилтөрөгчийн исэлдүүлэх нөлөөнөөс дэлгэцийг найдвартай хамгаалах тул дэлгэц хэдэн өдрийн туршид ч найдвартай ажиллаж болно гэнэ. Дэлгэцийн гэрэлтэгч гол элемент нь полимерээр хийсэн гэрэлт диод. Энэ нимгэн диод нь цахилгаан гүйдэл гүйхэд гэрэлтдэг.

Арьсан дээрээ гэрэлтэж өөрчлөгддөг өнгөт “шивээстэй” байвал? Тэр шивээс нь хэрэгцээтэй үед тооны машин, биеийн дулааныг үзүүдэг термометр, зүрхний цохилт, цусны даралтыг үзүүлдэг байвал ямар вэ? Шинэ дэлгэцийг ашигласнаар дээрх зүйлсийг бодит болгож болно. Түүнчлэн инженер техникийн ажилтнуудын маш чухал хэрэгцээтэй зүйлийн нэг болох нь. Талбай дээр ажиллаж байгаа барилгын инженерээс эхлээд, нисэх онгоц, техник тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа засварчид техникийн ажилчид гарынхаа ар дээр наасан нимгэн дэлгэцээр дамжуулан заавар зөвлөгөө авч болно. Аялалд явахдаа заавал хүнд том ЖиПиЭс хармаалж явах шаардлагагүй болно гээд олон зүйлд хэрэглээгээ олох бололтой.

Цахим хулгай

Image credit: Wikipedia

Өнөө цагт сайн эрчүүд  буу шийдмээ компьютерийн программаар сольжээ. Саяхан нэгэн хулгайч Барклай банкнаас 1.3 сая фунт стерлинг (3.4 тэрбум төгрөг орчим) хулгайлжээ. Гэхдээ хуруугаа мөнгөнд огтхон ч хүргэхгүйгээр шүү. Харин тэр өөрийгөө сүлжээний мэргэжилтэн гэж танилцуулаад мэдээлэл хулгайлах электрон төхөөрөмж суурилуулсан аж. Үргэлжлэл…

Вирусын эсрэг хамгийн сайн программууд

English: A candidate icon for Portal:Computer ...
(Photo credit: Wikipedia)

Компьютер дээр ажлаа амжуулдаг хэн ч байсан амжилт бүтээлтэй ажиллахын нэг үндэс нь сайн антивирус программ суулгах явдал гэдгийг ойлгодог болжээ. Хэчнээн хүчирхэг компьютертэй байсан ч вирусэнд баригчихвал таны компьютер маш удаан болж, магадгүй хийж бүтээсэн бүх зүйл, зураг, дуу, дүрс бичлэг гээд бүгд устах аюултай болно. Хорин жилийн хөдөлмөрийг тань хоёр гуравхан вирус бүрэн устгачих аюул бодитой шүү. Ингээд 2013 оны хамгийн сайн гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн антивирусын программуудыг товч танилцуулъя. Антивирусын программ бүр давуу болон дутагдалтай талуудтай. Аль нь таны хэрэгцээнд нийцэх бол?

4-р байрт: Trend Micro Titanium Antivirus+ 2014
Үнэ нь 39.99$.
Trend Micro Titanium Antivirus+ 2014 -ийг бүтээхдээ нэн шинэ вирусүүдийг илрүүлэх, устгах чадварыг нь сайжруулахад гол анхаарлаа хандуулжээ. Вирус болон хортой программуудыг хийж буй үйлдлээр нь таньж илрүүлдэг. Ингэснээр ямар ч вирусийн жагсаалтанд орж бүртгэгдээгүй цоо шинэ вирусийг ч таних боломжтой болж байгаа юм.

Давуу тал: Энэ программ нь вирусээс хамгаалахаас гадна бусад хортой программуудаас маш сайн хамгаалдаг. Мөн дотроо аюултай программ агуулж буй вэб сайтад нэвтрэн орохоос ч хамгаална. Фишинг болон спамаас ч бас сайн хамгаална. Гаднын халдлагаас хамгаалдаг firewall-ыг бэлэг болгон дагалдуулна.

Дутагдалтай тал: Зарим хортой программаар нэгэнт халдварлагдсан компьютер суулгахад их хугацаа зарцуулна. Бүр хэдэн цагийн туршид интернетэд холбогдож суулгах шаардлага гарна. Хэдийгээр хортой программуудаас сайн хамгаалдаг ч гэсэн тэдгээрийг арилгахдаа муу. Зарим нэг ашигтай программуудын үйл ажиллагааг вирустэй эндүүрэх тохиолдол бий

3-р байрт: McAfee AntiVirus Plus 2014
Үнэ нь 49.99$
Энэ антивирус программ нь ерөнхийдөө “авсаархан эд”. Гэхдээ firewall, фишингийн хамгаалалт зэрэг дагалдах зүйлс олонтой.

Давуу тал:
CleanBoot rescue CD нь программыг суулгахад хялбар болгодог. Хортой программын үйл ажиллагааг маш сайн илрүүлж, зогсоож чаддаг. Түүний SiteAdvisor нь аюултай вэб сайтууд болон нийгмийн харилцааны сайтуудад хандахаас сэргийлж чадна. Зарим төрлийн  гаднын халдлагаас хамгаалах чадвартай. Firewall-ийн тохиргоо нь энгийн. Уг антивирусын үйл ажиллагааг алсаас интернетээр дамжуулан удирдаж болдог. Түүнээс гадна файлыг ул мөргүй устгах, компьютерийн системийн тохиргоо хийх, системийн эмзэг цэгийг илрүүлэх зэрэг нэмэлт боломжуудтай.
Дутагдалтай тал:
Суулгахад ихээхэн хугацаа зарцуулдаг. Хортой программуудыг сайн устгадаг боловч зарим дутагдалтай талууд ажиглагдсан. Firewall нь уг программынхаа зарим үйл ажиллагааг хязгаарладаг. Фишингийн хамгаалалт нь ноднин жилийнхээсээ муу болсон.

2-р байрт: Bitdefender Antivirus Plus (2014)
Үнэ 39.95$
Вирусээс найдвартай хамгаалдаг. Үр дүнтэй, найдвартай хамгааллатуудтай болсон тул Plus гэдэг үг нэрэнд нь нэмж залгасан аж.
Давуу тал: Хэрэглэгчид болон шинжээчдээс маш өндөр үнэлгээ авчээ. Фишингээс сайн хамгаалдаг. Хувийн мэдээллийг сүлжээгээр алдагдахаас хамгаалж чаддаг. Пассворд, нэр, дугаар зэрэг мэдээллийг хулгайлахаас хамгаалдаг. Сүүлд нэмсэн Wallet нь пассворд болон хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Safepay нь онлайн гүйлгээг сайтар хамгаалж чаддаг. Систем болон фейсбуукийн профайл дахь “нүх”-ийг илрүүлдэг.  Шинэчлэгдсэн Security Report нь долоо хоног бүрийн үйл ажиллагааны тайланг гаргаж өгдөг.
Дутагдалтай тал:
Хортой программаар суусан компьютерт суулгахад төвөгтэй. Wallet-ийн пассвордтай ажиллах хүрээ нь хязгаарлагдмал. Wallet нь вэбийн формуудыг автоматаар бөглөж чаддаггүй.

1-р байрт: Norton AntiVirus (2014)
Үнэ 49.99$
Symantec компани нь хортой программаас алхам бүрд хамгаалахад анхаарлаа хандуулжээ. Шинээр гарсан Norton Antivirus (2014) нь хортой программын дайралтаас зөвхөн хамгаалаад зогсохгүй, өөр олон ашигтай үйлдэлтэй юм. Вирусыг илрүүлэх уламжлалт статик арга ашигладаг боловч харьцангуй их хурдтай.
Давуу тал: Шинэ технологи нь гэмтэлтэй файлуудыг боломжтой бол засварладаг. Түүнээс гадна уг программыг суулгагч буюу инсталлер нь зарим эвдрэл гэмтлийг өөрөө засварлаж чаддаг. Аюултай агууламж бүхий вэбд нэвтрэхээс сэргийлэх тал дээр бусад ямар ч антивирусыг дагуулахгүй. Хортой программыг арилгах тал дээр ч мөн нэгэн адил маш сайн үзүүлэлттэй. Үйл ажиллагааг нь интернетээр удирдаж болдог.
Дутагдалтай тал: Заримдаа системийн вирусыг шалгах явцад гацаж, техникийн туслалцаа авахыг шаарддаг. Хортой программын үйл ажиллагааг хааж зогсоохдоо сайн биш.

Enhanced by Zemanta