Land Cruiser
Энэхүү гайхамшигтай төмөр хүлгийг 1954 оноос эхлэн үйлдвэрлэж буй. Анхны загварыг зохион бүтээхэд 3 жилийн хугацаа зарцуулсан байдаг. Цэрэг дайны зориулалтаар, цэргийнхний захиалгаар эхлэн бүтээсэн түүхтэй. Одоо Land Cruiser–ийг олон зориулалтад тохируулан янз бүрийн хэлбэр загвартайгаар үйлдвэрлэж байна. Их гарын жийп ангиллын машинууд дотор найдвартай, эдэлгээтэйгээрээ гайхагддаг. Манайхан Land Cruiser 80, Land Cruiser 100, Land Cruiser 200 загваруудыг сайн мэдэх билээ. Тэгвэл анхны загварыг ердөө 1 жилийн хугацаанд үйлдвэрлээд 1955 оноос хоёрдахь загвар буюу Land Cruiser 20–ийг хийж эхэлсэн байна. Land Cruiser–20 нь иргэний зориулалтайгаар бүтээгджээ.
Land Cruiser 20
Экспортод ихээхэн хэмжээгээр гаргах зорилготойгоор өмнөх дайны зориулалтайг бодвол илүү загварлаг үзэмжтэй байхаар хэлбэрийг нь шийдсэн байна. Хоёр тэнхлэг нь хоёул нумтай, 3.9 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй, гурван шатлалтай хурдны хайрцагтай байв.
Land Cruiser 40
1960 онд Land Cruiser 20 загварыг илүү шинэчлэн сайжруулсан хувилбар болох Land Cruiser 40–ийг үйлдвэрлэж эхэлжээ. Хурдны хайрцаг нь 3 шатлалтай хэвээр үлдсэн боловч давхар мосттой болжээ. Энэ загварт 4.2 литрийн хүчирхэг бензин хөдөлгүүрийг тавьсан. 1974 онд анх дизел хөдөлгүүрийг Land Cruiser–т тавьжээ. Мөн жолооны гидро хүчлүүр, дискэн тоормос зэргийг тавьснаар нэлээд болхидуу байсан Land Cruiser–ийн дүр төрх танигдахааргүй болсон.
Land Cruiser 50
Төмөр гахай гэх хочтой энэ загвар ердөө гуравхан жилийн түүхтэй, 1967–1970 он хүртэл үйлдвэрлэгдсэн байна. 3 болон 4 шатлалтай механик хурдны хайрцагтай, 3.9 болон 4.2 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй.
Land Cruiser 60
1980-1990 оны хооронд үйлдвэрлэсэн. Дөрвөн дугуйгаараа маажих чадвар нь нэлээд дээшилсэн. Иймээс SUV буюу жийп ангиллын машин дотор хүчтэй өрсөлдөгч болжээ. Дотор салон нь үзэмжтэй болсноос гадна эйркондейшнер болон арын шилний халаагч зэрэг тоноглолуудтай болжээ. Энэ хооронд бас сая дахь Land Cruiser машин зарагдсан тэмдэглэлт ой болсон байна. Урьд нь ямар нэг загварыг үйлдвэрлэж дуусаад дараагийн загварыг нь хийж эхэлдэг байсан бол энэ удаад 60 загварыг үйлдвэрлэж байх хоорондоо 1984 онд Land Cruiser 70 загварыг нэгэн зэрэг гаргаж эхэлсэн байна. Манайд 60 загварын машин цөөхөн тоотой орж ирсэн байдаг.
Land Cruiser 70
Land Cruiser 70 -ийг 1984 оноос эхэлж үйлдвэрлэсэн бөгөөд өнөөг хүртэл үйлдвэрлэсээр л байгаа билээ. Land Cruiser 70 –ийг олон зориулалтаар, олон янзын бүхээг тэвштэйгээр үйлдвэрлэдэг нь бусад загвараас ялгарах гол онцлог болно. Тухайлбал зөөлөн бүхээгтэй, хатуу бүхээгтэй, тэвштэй болон цэрэг тээвэрлэгч (Troop carrier гэсэн англи үг. Арын суудалд зорчигчид нь хоёр ханын дагуу өөд өөдөөсөө харж суудаг урт вандан сандалтай) зэрэг болно. 3F төрлийн 4 литрийн бензин хөдөлгүүрийг энэ загварт анх хэрэглэсэн.
Land Cruiser 70 Light нь хамаарах тэнхлэгүүдтэй (чулак гэж бас нэрлэдэг) дөрвөн пүрш бүхий тулгуур эд ангитай. Иймээс бартаа саадыг ажрахгүй туулдаг. Light загвар нь 2.4 литрийн бензин (22R) болон 2.4 литрийн турботой (2LT), турбогүй (2L) дизел хөдөлгүүртэй байдаг. Ийм хөдөлгүүрийг Hilux буюу 4Runner–т ихээхэн хэрэглэдэг билээ. Зарим зах зээлд Bundera, Land Cruiser II гэх зэргээр нэрлэж байгаад сүүлд 70 Prado гэх болжээ. 70 Prado нэрийн доор сайжруулсаар 90 Prado болгосон байна. Энэ загварт анх A440F төрлийн автомат хурдны хайрцаг тавьсан байна.
1990 оноос эхлэн таван болон зургаан цилиндртэй турбогүй дизел SOHC хөдөлгүүрийг тавьсан байна. Таван цилиндртэй хөдөлгүүрийг нь 1PZ зургаан цилиндэртэйг нь 1HZ гэж нэрлэдэг.
1993-аас 1996 он хүртэлх Land Cruiser 70 ийг 3 литрийн турбодизел хөдөлгүүртэйгээр Европын зах зээлд голдуу гаргаж байсан бөгөөд энэ моделийг нь KZJ70 гэж нэрлэдэг.
1993 онд 24 хавхлагтай, 4.5 литрийн багтаамжтай, зургаан цилиндр бүхий 1FZ-FE гэдэг бензин хөдөлгүүрийг суурилуулж эхэлсэн аж.
1999 онд 70 цувралд үндсэн хэд хэдэн өөрчлөлт хийжээ. Урд үл хамаарах тэнхлэгт хоёр пүрш байрлуулж, хойд тэнхлэгийн нумыг илүү урт болгожээ. Ингэснээр явдал нь нэлээд зөөлөн, донсолгоогүй болсон байна. Булыг 6 болтоор боож тогтоодог байсныг 5 болттой болгож өөрчилжээ. Хөтлөх эд ангиудад хийсэн багахан хэмжээний хэд хэдэн өөрчлөлт нь найдвартай байдлыг улам дээшлүүлсэн байна. Урт рамтай загваруудад нэлээд шинэчлэл хийсэн бөгөөд цэрэг тээвэрлэчийг нь 78, пикапийг нь 79 гэх болсон байна.
2002 онд зургаан цилиндртэй, 24 хавхлагтай, турбодизел, 4.2 литрийн 1HD-FTE EFI хөдөлгүүртэй HDJ79 загварыг анх үйлдвэрлэн зах зээлд гаргасан байна.
2007 онд Тоёотагийн анхны турбодизел V8 хөдөлгүүр болох 1VD-FTV–ийг зарим орны зах зээлд гаргадаг 70 цувралын Land Cruiser–т тавьсан байна. Мөн бүх загварын урд талаас харагдах байдлыг нь нэлээд өөрчилсөн байна.
70 цувралын зургаа болон долоодугаар үеийн загваруудыг одоо ч гэсэн олон тоогоор үйлдвэрлэсээр байгаа билээ.
Land Cruiser 80
80 цувралын Land Cruiser–ийг анх 1989 оны сүүлээр танилцуулсан байна. Эхлээд дэлгэгддэг арын хаалгатай байгаад сүүлд 1995 оноос эхлэн сөхөгддөг хаалгатай болсон байна. Land Cruiser–ийг нийт 2 сая ширхэгийг үйлдвэрлэж худалдаасан тэмдэглэлт үйл явдал энэ үед тохиожээ.
1990 онд хойноо хонины хонхортой, 3 эгнээ суудал бүхий 80 загварыг үйлдвэрлэж 60 загварын үйлдвэрлэлийг бүрэн зогсоосон байна. Хойд Америк болон Европын зах зээлд худалдаалагдсан бүх тэрэгнүүд нь фулл тайм 4 дугуйн хөтөлгөөтэй системтэй. Харин Япон, Африк, Австралийн зах зээлд гаргасан тэрэгнүүдийн зарим нь парт таймтай юм. 1990–1991 онд үйлдвэрлэгдсэн Land Cruiser 80–ууд нь нээлттэй төвийн дифференциалтай. Энэ төвийн дифференциал нь 4HI горимд түгжигдэх боломжтой бол 4LO горимд автоматаар түгжигддэг. 1992 оноос хойшхи ABS–тэй тэрэгнүүдэд гулсаагүй тэнхлэгт хамгийн ихдээ 30\%–ийн эргэлтийн момент өгдөг. Өмнөхийн адил 4HI горимд түгжигдэх боломжтой бол 4LO горимд автоматаар түгжигддэг.
1990 онд 80 цувралын Land Cruiser –уудад шинэ төрлийн дизел хөдөлгүүр тавих болсон. Land Cruiser 80–ууд зургаан цилиндртэй (3F-E) шатахууны ердийн цацалттай бензин хөдөлгүүр, мөн зургаан цилиндртэй SOHC дизел хөдөлгүүр (1HZ), мөн шууд цацалттай турбодизел (1HD-T) хөдөлгүүртэйгээр худалдаанд гаргах болжээ.
1993 онд 24 хавхлагтай, 4.5 литрийн зургаан цилиндртэй, сайжруулсан бензин хөдөлгүүр 1FZ-FE бүхий загварыг худалдаанд гаргасан байна. 1992 оны аравдугаар сараас эхлэн аралыг нь ялимгүй уртасгажээ. Урд болон хойд тэнхлэг нь цоожлогчтой хувилбарууд энэ загварт мөн бий. Америкт зарагдсан загваруудын урд тэнхлэгийн диференциал нь High Pinion Electric Locking гэгдэх электрон системээр цоожлогддог.
1995 оноос жолооч болон зорчигчдын агаарын дэрийг суурилуулж эхэлсэн. Түүнчлэн ABS–ийг суулгаснаас гадна аюулгүйн бүсний дээд дэгээг биеийн өндөртөө тааруулан дээш доош шилжүүлэх боломжтой болсон. Гурван зууван цагираг бүхий логог энэ оноос эхлэн хэрэглэж эхэлжээ.
1996 онд Дакарын раллийн нэг болон хоёрдугаар байранд Land Cruiser –ууд орсон байна. ABS болон агаарын дэр стандарт тоноглол болсон байна. Өөрөөр хэлбэл үүнээс хойш гарсан бүх Land Cruiser –ууд дээрх тоноглолтой болсон гэсэн үг.
1997 онд машин цуглуулагчидад зориулж Land Cruiser Collector’s Edition гэгдэх тусгай загвар гаргажээ. Гаднаа болон шалавч дээрээ Collectors Edition гэсэн тэмдэглэгээтэй, бүхээгний автомат температур тохируулагчтай. Энэ онд Land Cruiser–ийг үйлдвэрлэж эхэлсний 40 жилийн ойд зориулж Land Cruiser FZJ80 –ийг 4} гэсэн тодотголтойгоор зөвхөн Америкийн зах зээл дээр гаргасан байна. Японд 1997 оноос Land Cruiser 80–ийг үйлдвэрлэхээ больжээ. Харин 2008 онд хамгийн сүүлийн 80 цувралыг Венесуелд үйлдвэрлэсэн.