Хүн төрөлхтөн Энергийн хязгааргүй эх сурвалжтай болно
Халуун цөмийн нэгдэх урвалыг хяналттайгаар явуулж чадвал эрчим хүчний хязгааргүй их эх үүсвэртэй болох билээ. Нарны ялгаруулж байгаа илч дулаан нь халуун цөмийн урвал буюу устөрөгчийн цөмүүд хоорондоо нэгдэж гелийн цөм үүсэх урвалаар ялгардаг. Харин одоо ашиглагдаж буй бүх атомын цахилгаан станц нь цөмийн хуваагдах урвалыг ашиглаж илч дулаан гаргадаг боловч цацрагийн хаягдал, реактор хайлж тэсрэх зэрэг аюул эрсдэлтэй юм.
Халуун цөмийн урвалын дүнд цацраг идэвхт хаягдал гарахгүй, АЦС шиг дэлбэрэх аюулгүй, түлш буюу дейтрий нь хаа ч элбэг зэрэг асар их давуу талуудтай. Дейтери нь устөрөгчийн изотоп бөгөөд байгаль дээрх устөрөгчийн 0.015% -ийг эзэлдэг. Дэлхий дээрх бүх дейтрий нь хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээг 150 тэрбум жилийн туршид хангаж чадна.
Тийм ч учраас эрдэмтэд халуун цөмийн урвалыг тогтвортой явуулах реактор бүтээхээр олон арван жилийн туршид уйгагүй ажилласаар байгаа билээ. Тэдний ажлын үр дүнд сүүлийн үед хэд хэдэн томоохон ахиц дэвшил гараад байна. 2016 оны нэгдүгээр сард Герман дахь Макс Планкийн нэрэмжит судалгааны хүрээлэнд халуун цөмийн урвал явуулах реакторыг амжилттай ажиллуулж чаджээ. Венделштейн 7 Икс гэж нэрлэгдэх уг төхөөрөмжид халуун цөмийн урвал явуулж 80 сая хэмтэй халуун плазмыг 0.25секундын туршид тогтоон барьж чадав. Энэ реактор нь зөвхөн судалгааны зориулалттай тул цахилгаан эрчим хүч гаргахгүй. Эрчим хүч гаргадаг, цахилгаан станцыг ажиллуулаад байхаар реактор бүтээхэд бас хэдэн жилийн хөдөлмөр шаардлагатай байгаа юм.
Германчууд реактор бүтээсэн баяраа тэмдэглэж дуусаагүй байтал манай урд хөршийн эрдэмтэд бас ийм төрлийн реактор амжилттай бүтээж, Целсийн 40 сая хэмтэй плазмыг 100с-ийн туршид тогтоон барьж чадсан байна. Одоо германчууд плазмыг тогтоон барих хугацаагаа уртасгахаар ажиллаж байгаа бол хятадууд температурыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна.