Дахиад Приусын тухай

2016 он ы Приус. Image Credit Toyota

Хямралтай үеийн хамгийн эрэлт хэрэгцээтэй унаагаар Приус шалгарч байна. Иймээс уншигчиддаа 2016 оны Приус машины талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэхийг зорилоо. Монголчуудын Приус 40 хэмээн нэрлээд байгаа энэ машин өмнөх загваруудаас чухам юугаараа ялгаатай талаар эндээс мэдэж авах болно. Үнэндээ Prius XW50 гэсэн нэртэй тул Приус 50 гэх нь илүү тохиромжтой биз ээ.

1. Хөдөлгүүрүүдийн чадлын хуваарилалтыг сайжруулжээ. 1.8 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүр, хоёр цахилгаан хөдөлгүүр, СиВиТи хурдны хайрцаг зэрэг нь өмнөх загвараас өөрчлөгдөөгүй боловч тэдгээрийн хоорондын үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлсэн байна. Дотоод шаталтын хөдөлгүүрийн эд ангийн үрэлтийг багасгаснаар ашигт үйлийн коэффицентийг 40 хувьд хүргэжээ. Мөн хөдөлгүүрээс гарах утааны дулааныг буцаан ашигласнаар шатахуун агаарын холимогийг хамгийн зохистой хэмжээнд барих боломж бүрдсэн байна. Түүнчлэн утааны халууныг хөргөлтийн шингэн буюу тосоолыг түргэн халаахад зарцуулдаг болжээ. Ингэснээр хүйтэнд машинаа халаах гэж удаан хүлээх шаардлагагүй боллоо гэсэн үг.

2. Литийн ионы зай хураагуур. Өмнөх загваруудад никел-металлын гидратын зай хураагуурыг хэрэглэдэг байсан бол энэ шинэ загварт литийн ионы зай хураагуурыг ашиглах болжээ. Хуучин зай хураагуур арын багажны хэсэгт ихээхэн зай эзэлсэн овоо жинтэй эд байсан. Харин литийн ионы зай хураагуур нь хөнгөн нимгэн болсон тул арын суудлын доогуур, шатахууны савтай зэрэгцэн байрлах болжээ.

3. 2016 оны загвар бусад загваруудаасаа шатахуунд хамгийн хэмнэлттэй нь болж чадсан. Хот дотор 100км-д 4.7л, шулуун замд 4.4л шатахуун зарцуулна. Машины салхи зүсэх чадвар болон жинг багасгасан нь үүнд бас түлхэц болсныг дурдах хэрэгтэй.  Энэ машин жолоодлогын Normal Eco, EV, ба Power гэсэн 4 горимтой.Normal буюу хэвийн горимд шатахуун зарцуулалт ба хүчин чадлын зохистой харьцааг барьдаг. Хэрэв шатахуун зарцуулалтыг улам багасгая гэвэл Эко горимыг нь сонгох хэрэгтэй. Хурд хүч шаардлагатай бол Power горим дээр тавина. Энэ горимд мэдээж шатахуун зарцуулалт хамгийн их болно. Харин зөвхөн цахилгаан хөдөлгүүрээрээ явах шаардлагатай бол EV горимыг сонгоно. Гэхдээ цахилгаан хөдөлгүүрээр хоёроос гурван км л явж болно гэдгийг анхаараарай. Зай хураагуурын цэнэг огцом дуусах тул тун удахгүй хэвийн горимд шилждэг.

4. Хэрэв та Приус машин хөлөглөдөг бол өвөл хүйтэнд шатахуун зарцуулалт огцом ихэсдгийг мэдэх биз. Үүний нэг гол шалтгаан нь салооныг халаахын тулд ихээхэн шатахуун зарцуулдагт оршино. Гадаа хасах гуч, дөчин хэм хүрч хүйтрэхэд шатахуун зарцуулалт Сонатагаас дутахааргүй болдог шүү дээ. Приусын ихэнх хэрэглэгчид халуун дулаан оронд байдаг болохоор халаалалтад зарцуулах шатахуун талаар өмнөх загваруудад ер анхаараагүй байна. Харин шинэ загварт энэ тал дээр анхаарал хандуулжээ. Автомашины хамгийн их дулаан алддаг хэсэг бол урд буюу салхины шил. Салхины шилээр дулаан алдахыг багасгахын тулд дулаан тусгаарлах чадвартай тусгай шил сонгожээ. Мөн салооныг халаах цахилгаан халаагууртай болсон тул хүйтэнд машинаа халахыг хүлээн нормальдаж зогсох шаардлагагүй болсон. Хөдөлгүүр хангалттай халангуут цахилгаан халаагуур автоматаар сална. Мөн кабиныг бүхэлд нь халаахын оронд зорчигч сууж байгаа хэсгийг л халаах болсон байна.

5. Мэдээжээр аюулгүй байдал бол анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Шинэ Приуст Safety Sens-P гэх аюулгүйн системийг суурилуулжээ. Хурдтай явж байх үед замаас огцом гарахаас сэргийлэх, холын гэрлийг автоматаар шилжүүлэх, мөргөлдөөнөөс сэргийлж тоормослох, эргэн тойрны саадыг радарын тусламжтайгаар мэдрэх, явган зорчигчийг таньж мөргөхөөс сэргийлэх гэх мэт үйлдлүүдийг автоматаар хийдэг гайхалтай ухаалаг систем юм байна.

6. Автоматаар өөрийгөө зогсоолд байрлуулж чадна. Машинуудтай зэрэгцүүлж, эсвэл замын хашлагад шахаж тавих үйлдлийн аль алийг нь гүйцэтгэж чадна. Гэхдээ зогсоолын цагаан шугам нь ойлгомжтой, тод харагдахуйц байх хэрэгтэй шүү. Мөн ойролцоо байгаа машин, эд юмсыг шүргэхгүйн тулд тусгай дохиолол хэрэглэдэг.

[post_view]