Хүний биеийг дэлгэц болгоно гэнэ

Хацар дээр наасан дэлгэц. Image Credit: Tokyo University

Одоогоор биедээ үргэлж авч явж болохоор дэлгэц гэвэл смарт цаг л байна. Цагаа харж болохоос гадна янз бүрийн мэдрэгч элементүүд болон ЖиПиЭс-тэй тул бараг л ухаалаг гар утсанд дөхөж очсон чадвартай. Гэхдээ нэг л дутагдал бий. Дэлгэц нь даан ч жижигхэн… Тэгвэл дөнгөж саяхан бүтээсэн, хүний арьсан дээр наалддаг маш нимгэн ЛЭД дэлгэц энэ дутагдалтай талыг нь нөхөж чадах нь ээ. Японы эрдэмтэд, судлаачдын бүтээсэн энэ дэлгэц дөнгөж 3-хан микрометр зузаантай. Өөрөөр хэлбэл 0.003мм, хүний үснээс 15 дахин нимгэн. Зөвхөн дэлгэц ч биш, бас нэлээд хурц ЛЭД гэрэлтэй. Наалддаг нимгэн дэлгэц хийхээр газар газрын эрдэмтэд нэлээд эртнээс оролдож эхэлсэн түүхтэй. Гэхдээ өмнөх наалддаг дэлгэцүүд нэлээд дулаан ялгаруулж халдаг байсан тул арьсан дээрээ шууд нааж бас л болохооргүй байжээ. Түүнчлэн агаарт хэдхэн цаг ажиллаад л эвдэрдэг байв. Харин япончуудын бүтээсэн дэлгэц эрчим хүч бага хэрэглэж, маш бага дулаан ялгаруулах тул шууд арьсан дээрээ наагаад ховхорч унах хүртэл удаан хэрэглэж болох аж.   Тэдний бүтээлийн гол нууц нь идэвхгүйжүүлэх үе гэж нэрлэгдэх нимгэн хамгаалагч гадаргуунд оршино. Энэ үе нь дэлгэц, хүний арьсыг хооронд нь нягт наалдуулахаас гадна дэлгэц арьсны хөдөлгөөнийг дагаж сунахад эвдрэлээс хамгаалж чаддаг юм байна. Хүний хөлс, хүчилтөрөгчийн исэлдүүлэх нөлөөнөөс дэлгэцийг найдвартай хамгаалах тул дэлгэц хэдэн өдрийн туршид ч найдвартай ажиллаж болно гэнэ. Дэлгэцийн гэрэлтэгч гол элемент нь полимерээр хийсэн гэрэлт диод. Энэ нимгэн диод нь цахилгаан гүйдэл гүйхэд гэрэлтдэг.

Арьсан дээрээ гэрэлтэж өөрчлөгддөг өнгөт “шивээстэй” байвал? Тэр шивээс нь хэрэгцээтэй үед тооны машин, биеийн дулааныг үзүүдэг термометр, зүрхний цохилт, цусны даралтыг үзүүлдэг байвал ямар вэ? Шинэ дэлгэцийг ашигласнаар дээрх зүйлсийг бодит болгож болно. Түүнчлэн инженер техникийн ажилтнуудын маш чухал хэрэгцээтэй зүйлийн нэг болох нь. Талбай дээр ажиллаж байгаа барилгын инженерээс эхлээд, нисэх онгоц, техник тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа засварчид техникийн ажилчид гарынхаа ар дээр наасан нимгэн дэлгэцээр дамжуулан заавар зөвлөгөө авч болно. Аялалд явахдаа заавал хүнд том ЖиПиЭс хармаалж явах шаардлагагүй болно гээд олон зүйлд хэрэглээгээ олох бололтой.