Мерседес Бенцийн цоо шинэ загварын жийп
Монголчууд бид Мерцедес Бенцийн G Class -тай аль эрт танил болсон билээ. Туулах чадвар, тав тухтай байдлыг зэрэг хангаж чадсанаараа гайхалтай унаа. Бенцийнхэн энэ загвартаа тулгуурлан урьд өмнө байгаагүй нэгэн төрлийн жийп үйлдвэрлэж байна. Гэхдээ ерийн загварт нь биш, харин Австралийн армийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэдэг тусгай хуягт загварт тулгуурласан гэнэ. Гайхалтай нь гэвэл энэ жийп гурван тэнхлэгтэй, 6 дугуйтай. G63 AMG 6×6 гэж нэрлэсэн энэ машин одоогоор худалдаанд хараахан гараагүй, бөгөөд зохион бүтээх, сайжруулах ажил ч бас байгаа бололтой. Энэ машиныг G63 AMG -ийн сунгаж, ачааны тэвш гаргасан пикап хувилбар гэж хэлж болохоор. Хөдөлгүүр нь шууд цацалттай 5.5 литрийн багтаамжтай, V8 цилиндртэй. Энэ хөдөлгүүрийн дээд чадал нь 544 морины хүч, эргүүлэх момент нь 760 Ньютон*метр хүрнэ. Хүчирхэг хөдөлгүүрийн эргэлт нь зургаан шатлалт автомат хурдны хайрцгаар дамжин зургаан дугуйнд нь хүрч, дөрвөн тонн гаруй жинтэй төмөр мангасыг хөнгөхөн хөдөлгөнө. Зургаахан секундын дотор 100км/цаг хурд авах бөгөөд дээд хурд нь 160км/цаг. Эргүүлэх моментын 40 хувь нь дунд талын тэнхлэгт, урд болон хойд тэнхлэгт тус бүр 30 хувь нь оногдоно. Явдал дундаа дугуйнхаа хийг өөрчлөх боломжтой тул дэржигнүүртэй замд ч донсолгоогүй явж чадна. Бүх люкс тоноглолуудыг бүгдийг нь суурилуулснаараа бас G ангиллын бусад жийпнээсээ ялгаатай. Суудал болон хаалганы дотор талыг нь савхиар бүрж өнгөлсөн аж. Хянах самбар болон бусад эд ангийг бат бөх бөгөөд хөнгөн болгохын тулд нүүрстөрөгчийн композит материалаар хийсэн байна.
Хамгийн томд тооцогддог Шевролитийн Субурбан загвартай харьцуулахад ч хэмжээ болон жингийн хувьд нүсэр юм. Бартаат замын дугуй, түгжигддэг таван дифференциалтайгаас (3 тэнхлэгийн дифференциал + 2 төвийн дифференциал) гадна газраас их бие хүртэл 46см хөндий зайтай зэрэг давуу талуудтай тул ямар ч бартаат замыг ажирахгүй туулна гэнэ. Гэхдээ нэг дутагдалтай талтай. Хэтэрхий гэмээр үнэтэй бөгөөд барагцаалбал 300 мянган ам. доллараас ч давж магадгүй гэнэ.