Устаж үгүй болсон эртний үхрийг дахин бий болгоно

Чонотой тулалдаж буй бух гөрөөс. Генри Хардерын зурсан зураг.

Эрт цагт нэгэн төрлийн аварга бух гөрөөс Евроазийн эх газрыг бүрхэн бэлчиж байсан боловч одоо нэгэнт устан үгүй болжээ. Хамгийн сүүлчийн бух гөрөөс Польшийн нутаг Якторовын ойд амьдарч байгаад 1627 онд үхсэн аж. Бух гөрөөс одоогийн үхэртэй харьцуулшгүй том, сэрвээний өндөр нь 2метр гаруй, жин нь 1000кг татдаг байжээ.

2009 оноос Европын хэсэг эрдэмтэд бух гөрөөсний генийг хадгалж байгаа үхрүүдийг селекцийн аргаар нь эвцэлдүүлэн анхны бух гөрөөсийг “сэргээн” гаргаж авахаар ажиллаж эхэлжээ. Одоо бух гөрөөсийг буцаан бий болгох хоёр ч хөтөлбөр хэрэгжиж байна.

Таурус гэх нэг хөтөлбөр нь урвуу эрлийзжүүлэлтийн аргаар 300 гаруй үхэр дээр селекц явуулж байгаа гэнэ.  Энэ хөтөлбөр нь бух гөрөөсний шинж тэмдгийг аль болох их агуулж байгаа үхрүүдийг сонгон үржүүлж бух гөрөөстэй маш ойролцоо шинж тэмдэг, ген бүхий шилмэл сүргийг бий болгох зорилготой. Эрт цагт бух гөрөөстэй эрлийзжсэн олон тооны үхрийн үүлдрүүд бий. Эдгээрээс дурдвал Италийн мареммана, Балканы хойгийн улсуудад элбэг байх подолика, буша зэрэг үүлдрүүд болно. “Эдгээр үүлдрүүд бух гөрөөсний генийг хамгийн их хадгалж байгаа. Гэхдээ бид бух гөрөөстэй 100% адил амьтан гарган авах боломжгүй юм” гэж уг төслийн гол эрдэмтдийн нэг Донато Матассино Английн The Telegraph-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Таурус хөтөлбөртэй нэгэн адил хөтөлбөрийг Португали улсад хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ хоёр хөтөлбөр хоёул Европын онгон байгалийг сэргээх том төсөлд хамаарагдах юм. Энэ төсөл нь олон жилийн туршид дайн дажин, соёл иргэншлийн хөлд талхлагдсан Европын онгон байгалийг сэргээх, үүндээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Францын Ласкаусын агуй дахь бух гөрөөсний сүг зураг. By Prof saxx – Own work, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=2846254

“Европын унаган байгалийг бүрэлдэн бий болгоход зэрлэг үхэр сүрэг хэдэн зуун мянган жилийн туршид гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хэрэв том энэ мэт том амьтад байхгүй бол ой мод хэт шигүү ургана.  Том өвсөн тэжээлтэн амьтдын нөлөөгөөр ойн цоорхой, хээр тал бий болж, тэнд нь хэдэн мянган төрлийн ургамал, амьтан, шавьж хорхой амьдрах боломжтой болдог” гэж төслийг санаачлагчийн нэг Воутэр Хэлмэр The Telegraph-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Европын нутаг дахь олон агуйнуудад бух гөрөөсний сүг зургууд бий. Эртний хүмүүс газар тариалангийн ажилдаа бух гөрөөсийг ашиглаж байсны ул мөр тэдгээр зургуудад тод үлдсэн байдаг. Энэ нь ч гэсэн бух гөрөөсийг дахин бий болгох сонирхлыг бий болгож байна.

Бух гөрөөснөөс гадна арслан заан, аварга том хяруулыг ч бас эргүүлэн авчрах төлөвлөгөө хөтөлбөрүүдийн хэтийн зорилгод бий гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider, Austraia

%count%