Хүчтэй хүчил болон хортой металл дахь амьдрал
Харийнхан гэдэг кинонд улайдам халуун болон хортой нөхцөлд амьдардаг харийн амьтны тухай гардаг. Бодит амьдрал дээр ч гэсэн тэсвэрлэшгүй хүнд орчинд дасан зохицож амьдардаг амьтад бий. Тухайлбал улаан замаг галдиериа сульфурариа маш хүнд орчнуудад амьдарч чаддаг. АНУ-ын Шарчулуутын үндэсний дархан цаазат газарт энэхүү замаг бий. Энд амьдарч буй галдиериа нь нарнаас шингээж авсан эрчим хүчээрээ фотосинтез явуулж амьд биетэд зайлшгүй хэрэгцээт бодис болох сахар үүсгэдэг. Бас тас харанхуй уурхайн мухарт, том хотын бохир ус зайлуулах сувгийн хүнцэл болон хүнд металлтай хүчиллэг орчинд ч амьдарч чаддаг. Нэг эст замаг яаж ийм эрс тэс хүнд нөхцөлд зохицон амьдарч байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ нэг эст замгийн гайхамшигт чадварын нууцыг тайлахын тулд Германы Дизелдорф дахь Генри Хеиний Их Сургуулийн эрдэмтэд генийн мэдээллийг нь уншжээ.
Эрдэмтэд үнэхээр гайхалтай нээлт хийв. Галдиериагийн генд түүний амьдарч буй орчинд дасан зохицсон хөрш бактериудын генийн хэсгүүд тэр чигээрээ байж байх нь тэр. Генийнхээ ихэнх хэсгийг өвөг дээдсээсээ биш харин эргэн тойронд амьдардаг бактериас авдаг аж. Бактерийн хувьд бол ингэж хөршийнхөө генийг хуулбарлан авах нь хувьслын хэвийн үзэгдэл боловч цөм бүхий эст амьтны хувьд ийм үзэгдэл урьд өмнө ер тохиолдож байгаагүй юм. Ялангуяа хэцүү бэрх орчинд дасан зохицохын тулд ийнхүү ген шилжүүлэн авч байгаа нь тун сонирхолтой хэрэг юм.
Генийг тайлж унших арга нь арван хэдхэн жилийн түүхтэй боловч ийнхүү эволюц хувьслын шинэ арга замыг илрүүллээ. Үүнээс өөр аргаар энэхүү үзэгдлийг илрүүлэх боломжгүй юм. Цөм бүхий эстэй бичил биетийн хувьслыг гүнзгий ойлгоход энэ нээлт асар том түлхэц болох юм.
Өмнө нь цөм бүхий эст амьтад өөр амьтнаас ген хуулбарлан авах боломжгүй, учир нь тэд зөвхөн бэлгийн үржлээр үржиж генээ солилцдог гэж үзэж байлаа. Галдиериа энэхүү хязгаарлалтыг хэрхэн даван гарч чадсан нь бас л хачирхалтай асуудал болж байна. Галдиериагийн энэ шинэ чадварыг биотехнологид нэвтрүүлбэл ямар ч мөрөөдлийг биелүүлж болохоор гэнэ. Тухайлбал био түлшний үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой. Учир нь био түлш буюу тос ялгаруулдаг замгууд нь маш эмзэг, орчны цаг агаарын өөрчлөлтийг тэсэж чаддаггүй. Одоо тэдгээр тосны “үйлдвэр”-үүдийг ямар ч орчинд ажиллуулах боломжтой болж байгаа юм.