Хүн төрөлхтөн Энергийн хязгааргүй эх сурвалжтай болно

Венделштейн 7 Икс. By Gwurden – Own work, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=27785637

Халуун цөмийн нэгдэх урвалыг хяналттайгаар явуулж чадвал эрчим хүчний хязгааргүй их эх үүсвэртэй болох билээ. Нарны ялгаруулж байгаа илч дулаан нь халуун цөмийн урвал буюу устөрөгчийн цөмүүд хоорондоо нэгдэж гелийн цөм үүсэх урвалаар ялгардаг. Харин одоо ашиглагдаж буй бүх атомын цахилгаан станц нь цөмийн хуваагдах урвалыг ашиглаж илч дулаан гаргадаг боловч цацрагийн хаягдал, реактор хайлж тэсрэх зэрэг аюул эрсдэлтэй юм.

Халуун цөмийн урвалын дүнд цацраг идэвхт хаягдал гарахгүй, АЦС шиг дэлбэрэх аюулгүй, түлш буюу дейтрий нь хаа ч элбэг зэрэг асар их давуу талуудтай. Дейтери нь устөрөгчийн изотоп бөгөөд байгаль дээрх устөрөгчийн 0.015% -ийг эзэлдэг. Дэлхий дээрх бүх дейтрий нь хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээг 150 тэрбум жилийн туршид хангаж чадна.

Тийм ч учраас эрдэмтэд халуун цөмийн урвалыг тогтвортой явуулах реактор бүтээхээр олон арван жилийн туршид уйгагүй ажилласаар байгаа билээ. Тэдний ажлын үр дүнд сүүлийн үед хэд хэдэн томоохон ахиц дэвшил гараад байна. 2016 оны нэгдүгээр сард Герман дахь Макс Планкийн нэрэмжит судалгааны хүрээлэнд халуун цөмийн урвал явуулах реакторыг амжилттай ажиллуулж чаджээ. Венделштейн 7 Икс гэж нэрлэгдэх уг төхөөрөмжид халуун цөмийн урвал явуулж 80 сая хэмтэй халуун плазмыг 0.25секундын туршид тогтоон барьж чадав. Энэ реактор нь зөвхөн судалгааны зориулалттай тул цахилгаан эрчим хүч гаргахгүй. Эрчим хүч гаргадаг, цахилгаан станцыг ажиллуулаад байхаар реактор бүтээхэд бас хэдэн жилийн хөдөлмөр шаардлагатай байгаа юм.

Хятадуудын бүтээсэн халуун цөмийн реактор. Image Credit: Chinese Academy of Science.
Хятадуудын бүтээсэн халуун цөмийн реактор. Image Credit: Chinese Academy of Science.

Германчууд реактор бүтээсэн баяраа тэмдэглэж дуусаагүй байтал манай урд хөршийн эрдэмтэд бас ийм төрлийн реактор амжилттай бүтээж, Целсийн 40 сая хэмтэй плазмыг 100с-ийн туршид тогтоон барьж чадсан байна. Одоо германчууд плазмыг тогтоон барих хугацаагаа уртасгахаар ажиллаж байгаа бол хятадууд температурыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Солир Дэлхийтэй ойрхон зөрнө

Image Credit: NASA

Гуравдугаар сарын 5-нд нэгэн солир Дэлхийтэй тун ойрхон зайд зөрж өнгөрөх юм байна. 2013TX68 гэх солирыг гурван жилийн өмнө илрүүлсэн билээ. Юм л бол Дэлхий сүйрэх гэж байна гэж шуугиан таригчдад хандаж хэлэхэд энэ солир Дэлхийд ямар ч аюул учруулахгүй гэж NASA -ын эрдэмтэд баталж байна. Тооцоолж байгаагаар солир 14000-17000 км зайтай зөрж өнгөрөх аж. Яг нарийвчилсан зайг солир зөрж өнгөрөхөөс нэг хоёр өдрийн өмнө л тооцоолох боломжтой байдаг гэнэ. Гэвч шуугиан таригчид аль хэдийн Youtube гэх мэт сайт дээр Дэлхийн сүйрлийн талаар олон янзын муу зөгнөлт анимейшнээ хийгээд байрлуулчихсан, 3 сарын 5-ыг хоног тоолон хүлээж байгаа гэнэ. Иймээс тэдний “бүтээлийг” үзэж хямарч сандрахгүй байх нь чухал шүү. Уг солир 2017, 2046 болон 2097 онд дахин Дэлхийн хажуугаар ойрхон зайтай зөрж өнгөрөх юм байна. Эдгээр онуудад Дэлхийтэй мөргөлдөх, шүргэлцэх магадлал бараг л тэгтэй тэнцүү гэж НАСА-ын Солир Судлалын Төвийн төлөөлөгч Паул Чодэс мэдэгджээ.