Гар утасны зайг хазвал юу болох вэ?

Гар утасны зай хураагуур харахад авсаархан боловч ихээхэн осолтой зүйл юм.  Нэгэн хятад залуу ухаалаг гар утсандаа зай худалдаж авахдаа алтан эдлэлийн чанар шалгадаг уламжлалт “шалгарсан” аргаа хэрэглэж үзжээ.  Шижир алт тун зөөлхөн тул хазахад хонхойдог. Харин гар утасны зайнд шүдээ шигтгээд үзвэл юу болохыг доорх бичлэгээс үзээрэй.

https://youtu.be/nA1pFU6jCPE

Нэлээд хүчтэй дэлбэрсэн боловч азаар хүн амьтан гэмтэж шархдаагүй аж. Зайг хазахад гадна талын гэр нь хонхойж, эерэг болон сөрөг туйлууд нь шахагдаж нийлнэ. Ингээд богино холболт болж асар их хэмжээтэй гүйдэл гүйж, агшин зуурын хугацаанд ихээхэн дулаан ялгарч дэлбэрэлт болжээ. Ер нь гар утас болон бусад зөөврийн цахилгаан хэрэгсэлд түгээмэл хэрэглэгддэг литийн ионы зай хураагуур нь энергийн нягт ихтэй, тэр хэмжээгээрээ аюул ихтэй байдаг.