SSD гэж юу вэ?

By Jacek Halicki – Own work, CC BY-SA 4.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=60157072

Анхны хатуу дискийг 1980 онд бүтээжээ. Энэ дискний багтаамж нь дөнгөж 5мегабайт байв. Үүнээс хойш багтаамж нь тасралтгүй өссөөр эдүгээ та бидний хэрэглэж буй компьютерын хатуу дискний багтаамж нь терабайтаар хэмжигдэхүйц болж нэмэгджээ. Анхны хатуу дискнээс даруй 200 мянга дахин их багтаамжтай болоод байна. Тун удахгүй 10терабайт багтаамжтай хатуу диск бүхий компьютерууд ердийн стандарт болно. Гэвч хатуу дискэнд нэгэн өрсөлдөгч гарч иржээ. Энэ бол SSD (Solid State Drive) юм. Магадгүй зарим нэг хэрэглэгчид аль хэзээний ийм санах ой бүхий компьютер худалдаад авчихсан, хэрэглэж байж ч мэднэ. Товчоор хэлбэл SSD нь ерөнхийдөө бидний хэрэглэдэг флэш санах ойтой төсөөтэй. Гэхдээ хэмжээ болон багтаамж нь илүү том, илүү нарийн ажиллагаатай. SSD дотор хатуу дисктэй ижил эргэлдэх, хөдлөх эд анги байхгүй. Хатуу дискнээс мэдээлэл уншихгүй үед ч гэсэн диск нь өндөр хурдтайгаар байнга эргэлдэж байдаг.

SSD-ийн үндсэн санаа бараг 50-иад жилийн өмнө гарсан ч гэсэн тухайн үеийн технологиор нь хангалттай багтаамжтай, найдвартай санах ой хийх боломжгүй байсан юм. 1976 онд Датарам хэмээх компани анхны SSD-г үйлдвэрлэн гаргаж байсан боловч хэт нүсэр, хэт үнэтэй байсан тул зах зээл дээр амжилт олж чадаагүй аж. Уг SSD нь 256килобайт багтаамжтай боловч 9700 ам. долларын үнэтэй байжээ. Одоогийн ханшаар бол 37000 ам. доллар гэсэн үг. Хэрэв 1терабайт багтаамжтай SSD байна гэвэл 150 тэрбум ам. долларын үнэтэй болно. Гэвч инженерүүд уг технологийг сайжруулахаар, тасралтгүй оролдож, янз бүрийн SSD-г туршсаар байсныг дурдах нь зүйтэй.

Харин нанотехнологийн хөгжлийн дүнд SSD-г тун хямд, бас их багтаамжтай, өндөр үзүүлэлттэй хийх бололцоотой болж байна. SSD нь ямар ч хөдөлгөөнтэй эд ангигүй. Хатуу дискний хувьд шаардлагатай өгөгдлөө олж уншихын тулд унших бичих толгойг нааш цааш нь зөөн хөдөлгөдөг. Харин SSD дээр  бичигдсэн шаардлагатай өгөгдлийг олж унших, бичих үүргийг түүн дотор байрлах жижиг процессор буюу контроллер гүйцэтгэнэ. Энэ контроллерын хурднаас SSD-ийн унших бичих хурд шууд хамаардаг. Контроллер нь унших бичихээс гадна бичилтийн алдааг хянах, зарим тохиолдолд өгөгдлийг шифрлэх, шифр тайлах гэх мэт маш олон үйлдлийг гүйцэтгэдэг. Одоогоор хамгийн хурдтай контроллер нь Samsung фирмийн MEX бөгөөд унших хурд нь 550МБ/с, бичих хурд нь 520МБ/с хүрнэ.

Teravolt at English Wikipedia [CC BY 3.0 (http://creativecommons.org/licenses/by/3.0)], via Wikimedia Commons

Одоо  SSD-ийн үзүүлэлтүүдийг хатуу дисктэй харьцуулж үзье:

  • Эрчим хүч бага хэрэглэдэг. Ердийн хатуу диск нь 7Ватт чадалтай бол зарцуулдаг бол SSD нь 2-3Ватт чадалтай.  Өөрөөр хэлбэл 2-3 дахин бага эрчим хүч зарцуулна.
  • SSD нь харьцангуй үнэтэй. 1Терабайт багтаамжтай хатуу диск 40-50ам. доллар үнэтэй бол мөн ийм багтаамжтай SSD нь 230ам. доллар үнэтэй.
  • Бага багтаамжтай.  Гэхдээ одоохондоо! Десктоп компьютерт зориулсан их багтаамжтай SSD нь 4Терабайт, нөтбүүкт зориулсан SSD нь голдуу 1Терабайтаас бага багтаамжтай. Харин хатуу дискний хувьд энэ үзүүлэлт 1-10Терабайт хүрч байгаа билээ. Гэвч 2016 он 8 сард Самсунг компани 32Терабайт багтаамжтай SSD үйлдвэрлэж эхэлжээ.
  • Компьютер ачаалах хурдны хувьд SSD нь хавьгүй их хурдтай. Ердийн хатуу дисктэй компьютер 30-40 секундэд ачаалагддаг бол SSD бүхий компьютер 10 секундэд ачаалагдана.
  • SSD дотор хөдөлгөөнтэй эд анги байхгүй учир ямар ч анир чимээгүй ажиллана. Харин хатуу диск нь байнга эргэлдэж байх тул дүнгэнэсэн чимээ гарна. Унших бичих үед соронзон толгойн зөөгдөж байгаа чимээ тод сонсогддог.
  • Бичлэгийн алдаа гарах магадлал нь хатуу дискнээс 1.5 дахин бага.
  • SSD-ийн унших хурд 550МБ/с хүрдэг бол хамгийн хурдтай хатуу дискний хурд 120МБ/с. Энэ бол SSD-ийн хамгийн том давуу тал юм.
  • SSD нь гаднын цохилт, доргилтод маш тэсвэртэй. Харин хатуу дискийг унагах, доргиох, ялангуяа бичлэг бичиж байх үед нь доргиовол эвдрэх өндөр магадлалтай байдаг.
  • Хатуу дискийг гаднын хүчтэй соронзонд ойртуулбал доторх бичлэг нь устаж алга болох магадлалтай. Харин SSD-т ийм сул тал байхгүй.
  • SSD-ийн унших бичих тоо нь хязгаарлагдмал. Энэ бол хамгийн том сул тал нь. Байнгын ажиллагаатай компьютерын SSD нь ойролцоогоор 10 жилийн дараа “элэгдэж” эвдэрнэ. Гэхдээ компьютер, тооцоолох техникийн эдэлгээний хугацаа 5 жил байдгийг санавал энэ нь хангалттай хугацаа юм. Харин хатуу диск олон арван жил найдвартай ажилладаг билээ.

Хэрэв та маш их өгөгдөл (10Терабайтаас их) хадгалах шаардлагатай бол, аль болох хямд систем хайж байгаа бол, компьютерын ачаалах болон унших бичих хурд таны ажилд нөлөөлдөггүй бол хатуу дисктэй компьютерыг сонгох нь зүйтэй.

Харин таны ажилд хурд чухал шаардлагатай, үнэ өртөг таны хувьд асуудал биш бол SSD-ийг сонгох нь зүйтэй.