Цусны хавдар өвчнийг ялсан гэнэ


Image credit: Wikipedia.org

Хүний дархлааны Т эсийг электрон микроскопоор харсан байдал

Эрдэмтэд цусны хавдар өвчнийг дархлааны эсийн генийг инженерчилэх аргаар эмчлэх туршилт хийжээ. Хүн дээр хийсэн клиникийн анхан шатны туршилтын үр дүн гайхалтай амжилттай болжээ. Туршилтыг цөөхөн сарын нас үлдсэн зуугаад сайн дурын өвчтнүүд дээр хийсэн байна. Ингэхдээ дархлааны Т эс буюу цусны цагаан эсийг “дасгалжуулан” хавдрын эсийг довтолдог болгон хувиргажээ. Туршилтанд орсон нийт цочмог лимфобластийн лейкоз  (ALL буюу оросоор Острый лимфобластный лейкоз)  оноштой өвчтнүүдийн 94% нь эдгэж, хавдар ул мөргүй алга болсон байна.  Харин бусад төрлийн цусны хавдартай өвчтнүүдийн 80 хувьд эмчилгээ сайнаар нөлөөлж, тэдгээрийн бараг тал хувь нь эдгэжээ.

Эмчилгээний шинэ аргын талаар Америкийн Шинжлэх Ухааны Хөгжлийн Холбооны хурал дээр хэлэлцсэн бөгөөд ” Эмчилгээний аргыг ийм өндөр үр дүнтэй гарна гэж бодож байгаагүй.  Амьдрах ямар ч найдваргүй болсон өвчтнүүдийг ийм өндөр хувьтай эдгээж байгаа нь энэ аргын давуу талыг харуулж байна” гэж судлаач Стэнли Риддел өгүүлсэн байна.

Эмчилгээг одоогоор дөрвөн шаттай хийж байгаа аж. Үүнд:

  1. Өвчтнөөс цус авч түүнээс цусны цагаан эсийг ялгаж авна
  2. Ялган авсан эсүүдийн генийг өөрчилнө. Ингэснээр эсийн мэдрэгч нь хавдрын эсийг хайдаг болно.
  3. Инженерчилж өөрчилөн эсүүдийг үржүүлж олшруулна.
  4. Олшруулсан эсийг буцаан өвчтөнд тариураар тарина. Эдгээр эсүүдийн эсрэг биетийн хүлээн авагч нь цусны хавдрын эсийг таньснаар устгах болно.

Туршилт судалгааг хийсэн Стэнли Риддел нь Вашингтон дахь Фред Хючтинсоны нэрэмжит Хавдрын Судалгааны төвд ажилладаг юм.  “Энэ эмчилгээ нь бас гаж нөлөөтэй байж магадгүй, гэхдээ инженерчилсэн эсийн тоог багасгаснаар гаж нөлөөг нь бууруулж болно.  Эдгээр өвчтнүүд ямар ч найдваргүй болоод байсан. Манай туршилт эмчилгээнд хамрагдсан өвчтнүүд ихээр бодоход л 2-оос 5 сарын настай байсан. ” гэж Стэнли мэдэгджээ.