Toyota Prius


Энэ удаа уншигчиддаа Приус машины тухай танилцуулахаар шийдлээ. Монголд хамгийн их тархсан машины нэг нь яалт ч үгүй Приус юм. Тоёота компани энэхүү машиныг 1997 онд зах зээлд гаргаснаас хойш 17 жил өнгөрсөн боловч байгаль орчинд хамгийн ээлтэй машин гэсэн алдрыг алдахгүй хадгалсаар байгаа билээ. Prius гэдэг нь “өмнө, түрүүнд” гэсэн утгатай латин үг юм.

Нэгдүгээр үеийн Приус буюу XW10

Toyota Prius XW10

Toyota Prius XW10

Приус 10 гэдэг нэрээр монголчууд бидэнд танил болсон энэ загварыг 1997-2001 оны хооронд үйлдвэрлэжээ. Буруу талдаа жолоотой тул Японоос гадна Австрали, Англид л зарагдсан байна. Харин дараагийн загвар буюу Prius NHW11-ийг 2001-ээс 2003 оны хооронд үйлдвэрлэжээ. Приус 11 нь өмнөх загварыг бодвол харьцангуй хурд, хүчтэй юм. Ихэнх машины жолооны хүчлүүр нь гидравлик байдаг бол Приус нь цахилгаан жолооны хүчлүүртэйгээрээ онцлог юм. Зай хураагуур нь овор хэмжээ ихтэй тул багажны зай нь харьцангуй бага байдаг.

Хоёрдугаар үеийн Приус XW20

priusxw20

Toyota Prius XW20

2003 онд Приусын хэлбэр дизайныг ихээхэн өөрчилж, кабины зайг нэмэгдүүлжээ. Нэгдүгээр үеийн Приусийг бодвол шатахуун зарцуулалт нь ч багасчээ. Приус 20 гэх нэрээр бидэнд танил болсон билээ. Приус хэдийгээр хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээрээ алдартай боловч хэв загвар муу гэх нэрнээс огт салдаггүй. Үүний шалтгаан нь салхи зүсэх чадварыг сайжруулахын тулд шувтан хэлбэртэй хийдэгт оршино.Хоёрдугаар үеийн Приусын салхи зүсэх чадвар улам нэмэгдэж хэлбэр нь бүр ч шувтан болсон аж. Эйр кондейшнер нь зөвхөн цахилгаанаар ажилладаг анхны машин болсон нь нэг онцлог байв. Бусад машины эйр кондейшнер буюу хөргүүр нь хөдөлгүүрээс шууд эргэлт авч ажилладаг билээ. Зай хураагуур нь өмнөх загварынхаас эрс өөр, хэмжээний хувьд жижиг болсноороо ихээхэн ахиц дэвшилттэй болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Нэгдүгээр үеийн Приус нь NiCd (никель-кадмий) зай хураагууртай бол хоёрдугаар үеийн Приус нь NiMH (никель-металлын гидрат) зай хураагууртай болсон юм. Энэ төрлийн зай хураагуур нь харьцангуй олон удаа цэнэглэгдэх боломжтой, халуунд тэсвэртэй. Машины тогтвортой байдлыг дээшлүүлж, хүндийн төвийг нь доошлуулахын тулд өмнөх загвараас нь арай намхан болгож өгчээ. Бартаат зам ихтэй монголын нөхцөлд энэ нь харин муу үзүүлэлт ч болох талтай. Ер нь эрлийз хөдөлгүүртэй машины зай хураагуур нь тун хүнд тул хүндийн төв өндөрт байдаг. Приус 20-ийг 2009 он хүртэл үйлдвэрлэжээ.
Гуравдугаар үеийн Приус
Prius_(ZVW30R)Приус 30…. ? Энэ загварыг 2009 оноос одоог хүртэл үйлдвэрлэж байна. Хонда зэрэг өрсөлдөгчид гарч ирсэн тул Приус 20-иос ч хямдаар зарж борлуулж байна. Мөн л хэлбэр дүрсийг нь “сайжруулсаар” салхи зүсэх чадварыг нэмэгдүүлжээ. Хотын замд дунджаар 100км-т 4.7 литр шатахуун зарцуулдаг. 1.8 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь 98 морины хүчтэй, харин цахилгаан хөдөлгүүр нь хамтран ажиллавал 134 морины хүчтэй болно. Өмнөх загварууд нь 1.5 литрийн багтаамжтай байсан. Хөдөлгүүрийн багтаамжийг нэмж, шатахууны хэмнэлт гаргах болсон нь бас л нэг хачирхалтай баримт юм. Хөдөлгүүр нь их багтаамжтай болсноор эргэлтийн тоог удаашруулах боломжтой болж, үр дүнд нь шатахуун зарцуулалт багассан байна. Бидний нэрлэж заншснаар жанам-сэнсний ременгүй болсон гэнэ. Учир нь хөдөлгүүрийн хөргөх шингэний насос нь тусдаа цахилгаан хөдөлгүүртэй болжээ. Ингэснээр багахан ч гэсэн шатахууны хэмнэлт гарсан аж. Хуванцар эд ангиудыг нь цэвэр органик байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн гэнэ. Приус 30 нь программ хангамжийн алдаанаас болж гэнэт зогсох явдал хэд хэд бүртгэгдсэн байна. Иймээс зах зээлээс дахин татаж засварлаж байгаа аж.

Давуу болон дутагдалтай талууд

1) Шатахуунд маш хэмнэлттэй. Дотоод шаталтат ба цахилгаан эрлийз хөдөлгүүрийн  гол зорилго нь шатахуун хэмнэх явдал. Приус шатахуун хэмнэлтээрээ бусад эрлийз хөдөлгүүртэй машинаас хамгийн дээд зэргийн үзүүлэлттэй нь.

2) Салооны дотоод зай их, суудал нь өргөн, ялангуяа арын суудал нь зай ихтэй. Иймээс арын суудалд ямар ч өндөр хүн суусан ч өвдөг нь урд суудалд тулахгүй.

3) Багажны зай том.

4) Жолоодоход таатай, дуу чимээгүй. Явах эд ангийн үзүүлэлт нь бусад ижил ангиллын тэрэгнүүдээс ялигүй илүү ч гэсэн замын жижиг бартаа бүр мэдрэгдэнэ. 2014 оны Приусыг зогсоолд тавихад маш хялбар болсон гэнэ.

5) Дотроо олон хувилбаруудтай. Тухайлбал 2014 оны Приус нь таван хувилбартай бөгөөд Приус I, Приус II гэх мэт дугаарладаг. Тэдгээрээс хамгийн их багтаамжтай нь  Prius V юм.

6) Стандарт тоноглол сайтай. Тухайлбал 2014 оны Приус II нь салооны хэмийн автомат тохируулагчтай, круйз контролтой, толины халаагчтай, 6 инчийн хуруу мэдрэгч бүхий дэлгэцтэй. Харин Приус III нь ар талыг харах камертай, Тоёотагийн Entune гэх мэдээллийн системтэй, түүнийг нь жолооч дуу хоолойгоороо удирдах боломжтой. Эдгээрээс хамгийн тухтай нь Prius IV нь бөгөөд салооын зарим эдийг арьсаар бүрсэн, жолоочийн суудлыг 8 горимоор халаадаг, дуу чимээний маш чанартай гаралт бүхий JBL аудио системтэй. Харин Приус V нь манангийн гэрэлтэй, сайн тусгал бүхий ЛЕД их гэрэлтэй, 17 инчийн хайлшин обудтай, хэлбэр нь бусдаасаа илүү чамин харагддаг.

7) Мөн нэмэлт тоноглол нь сонголт олонтой. Тухайлбал дээрээ цонхтой, тэр нь цахилгаан хөдөлгүүрээр хаагдаж нээгддэг, мөн нарны зайгаар ажилладаг агаар сэлгэлтийн системтэй. Энэ нь эйркондейшинд өгөх ачааллыг багасгаж ингэснээр шатахуун болон батарейн цэнэг зарцуулалтыг багасгана. Prius V нь Дэвшилтэт Технологийн багцтай. Үүнд нь дасан зохицох чадвар бүхий туулалт хянах систем, мөргөлдөөнөөс сэргийлэх дохио, маш нарийчлалтай навигацын системтэй.

8) Аюулгүй байдал нь маш сайжирсан. Хурдын зам дээр гарахад анхааруулга өгдөх, мөргөлдөөнөөс сэргийлж дохио өгөх зэрэг нь үүнд хамаарна. Зорчигчдын аюулгүй байдлыг хангасан талаараа 4 одтой (5 од нь дээд үзүүлэлт юм).

9) Урт хугацаанд ашиглалтын зардал бага гардаг. Шинээр худалдан авахад үнэ ихтэй мэт боловч алсдаа зардлаа хэмнэлтээрээ өлхөн нөхдөг.

10) Маш найдвартай, бат бөх тул эдэлгээ урттай. Гэхдээ салооны зарим эд ангиуд хурдан элэгдэж урагддаг тул хэд хэдэн удаа солих шаардлага гарч болох юм. Гамтай эдэлбэл энэ машиныг 10 жилийн дотор ямар ч засвар хийхгүйгээр унаж болдог гэнэ.