Жийп ба кроссоверын ялгаа


Toyota Highlander: Image credit Wikipedia

Кроссовер: Toyota Highlander (Image credit Wikipedia)

 Монголчууд кроссоверийг ихэвчлэн дунд гарын, эсвэл бага гарын жийп гэж нэрлэдэг. Harrier, BMW X5, Ford Escape, Mazda Tribute, Honda CR-V, Honda HR-V, Lexus RX, Mitsubishi Outlander, Nissan Murano, Subaru Forester, Subaru Outback, Nissan Xtrial, Toyota Klugger, Toyota Highlander …. эд бол Улаанбаатарын гудамжинд хамгийн их тааралддаг кроссоверууд юм. Үнэндээ бол жийп биш. Жийп ба кроссоверууд хооронд маш их ялгаатай. Ялгааг одоо тайлбарлая.
Жийпийг яг л ачааны тэрэг мэт бүтээцтэйгээр хийдэг. Маш бат бөх аралтай, түүн дээр нь хөдөлгүүр, явах эд ангиудыг байрлуулаад, дээрээс нь бүхээг буюу кабиныг нь суурилуулдаг. Кабин нь эд ангиуд, зорчигчид болон жолоочийг цаг агаарын нөлөө, ослын нөхцөлд хамгаалах л үүрэгтэй. Харин кроссовер нь жижиг тэрэгтэй адилхан их бие бүхий зохион байгуулалттай. Хөдөлгүүр, явах эд ангиуд нь бүгд арьс буюу гөлмөн төмрөөр хийсэн их бие дээрээ бэхлэгддэг.

Landcruiser 105: Зургийг Wikipedia-аас (Image credit Wikipedia)

Landcruiser 105 жийп: Зургийг Wikipedia-аас (Image credit Wikipedia)

Одоо давуу болон дутагдалтай талуудыг авч үзье. Бартаат зам дээр саадгүй явах болон хүнд чиргүүл чирэхэд зориулж жийпийг бат бөх араам болон явах эд ангитай бүтээжээ. Ингэж бат бөх хийхдээ цул, зузаан хүнд төмөр эд ангиудыг ашигладаг тул жин ихтэй, тиймээс ч түлш, шатахуун зарцуулалт ихтэй байдаг. Хүндийн төв нь харьцангуй дээр, хүнд жинд зориулагдсан амаржин болон пүрш нь ихээхэн хөшүүн тул амархан өнхрөх магадлалтай. Кроссовер нь жийптэй нэгэн адил өндөр, бүхээгийн доторх зай уужим. Гэхдээ явах эд анги болон туулах чадвар нь жижиг тэрэгтэй адилхан. Өөрөөр хэлбэл шатахуун зарцуулалт бага, жолоодоход хөнгөн. Кроссоверууд голдуу дөрвөн дугуйн хөтөлгөөтэй ч гэсэн бартааг туулах чадвараараа жийпнээс хавьгүй доогуур. Бартаат замаар хурдтай явбал явах эд ангиуд нь амархан эвдэрдэг. Бат бөх аралгүй, зөвхөн арьсан дээрээ бүх зүйл нь бэхлэгддэг тул хүнд чиргүүл чирч чадахгүй.
Таны хэрэгцээнд аль нь тохиромжтой вэ?
Ихэнх хэрэглэгчид зай ихтэй кабин хэрэгтэй. Гэхдээ хүнд чиргүүл чирэх болон хад чулуутай бартаат зам дээгүүр яваад байх хэрэгцээ бараг л гарахгүй. Иймээс хүнд нүсэр жийпийг биш, шатахуун зарцуулалт багатай кроссоверийг сонгодог. Иймээс ч үйлдвэрлэгчид энэ тал дээр анхаарч жийп мэт овор хэмжээтэй кроссоверуудыг сүүлийн үед ихээхэн үйлдвэрлэх болжээ. Бүр зарим жийпүүдийг кроссовер болгон хувиргаж эхэлсэн байна. Тухайлбал Ford Escape -ийн сүүлийн хоёр загвар нь кроссовер юм. Мөн Nissan Pathfinder  жийп байснаа 2012 оноос хойшхи загварууд нь кроссовер болон хувирлаа. Ford Explorer ч гэсэн 2011 оноос хойш кроссовер боллоо. Гэхдээ Монгол шиг бартаар зам ихтэй газар шатахуун зарцуулалтаас илүүтэйгээр туулах чадварт нь анхаарах хэрэгтэй ч байж мэднэ. Аль алинийх нь жолоог мушигиж үзэн байж сонголтоо хийх нь зөв болов уу.