Landcruiser 100 ба 105-ийн ялгаа


Landcruiser 105 By Detectandpreserve (Own work) [CC BY-SA 3.0 (https://creativecommons.org/licenses/by-sa/3.0)], via Wikimedia Commons

Хоёул Landcruiser 100 серийн машин бөгөөд Lancruiser 80-ийн халааг авсан гэхэд болно. Анхны 100 серийн Landcruiser-ийг 1998 онд үйлдвэрлэсэн байна. 100 ба 105-ыг гаднаас нь харахад маш төсөөтэй. Гол ялгаа нь тэдгээрийн арал, тэнхлэг зэрэг гол эд ангиудад бий. 105-ийг зохион бүтээхдээ 80-ын арал, тэнхлэг болон I6 хөдөлгүүрүүдийг тэр чигээр нь ашигласан аж. 105-ийг зөвхөн Африк, Австрали, Орос болон Өмнөд Америкийн зах зээлд нийлүүлсэн байна. Харин 100 загвар нь харьцангуй өргөн аралтай, урдаа үл хамаарах тэнхлэгтэй (манайхны хэллэгээр чулакгүй, ө.х. гартай). Мөн шинэ хоёр ч хөдөлгүүрийг энэ загварт тавьж эхэлжээ. Ингэснээр анхны үл хамаарах тэнхлэгтэй Landcruiser бий болов. Үл хамаарах тэнхлэг тавьснаар засмал зам дээр хурдтай явахад тохиромжтой болсон ч гэсэн бартаат замд туулах чадвар нь буурч, харьцангуй хэврэг болсон аж. Иймээс зарим зах зээлд 100 ба 105-ыг зэрэг борлуулах болжээ. Landcruiser 100 нь  үл хамаарах тэнхлэгтэй тул 105-аасаа урд тал нь бага зэрэг намхан. Тэдгээрийг гаднаас нь хараад шууд ялгахын тулд дугуйн обуд буюу булыг ажиглах хэрэгтэй. Landcruiser 100 нь арай өргөн аралтай тул дугуйтайгаа тэгш бултай байдаг. Харин Landcruiser 105 нь цаашаа хүнхийж орсон бултай байдаг. Иймээс тэд өргөн ба нарийн аралтай ч гэсэн дугуй хоорондын зай нь ижил байдаг.

Landcruiser 100 By 100yen 12:37, 9 October 2006 (UTC) – Own work 12:37, 9 October 2006 (UTC), CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=1260305

Landcruiser 100-д анх удаа V8 хөдөлгүүрийг суурилуулжээ. Шалтгаан нь хүчтэй хөдөлгүүртэй машиныг ихэд таашаадаг Хойд Америкийн зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлэх явдал байв. Lexus LX 470 -ийг Landcruiser 100 дээр тулгуурлан бүтээжээ. Японы зах зээлд Lexus -ийг зардаггүй тул Toyota Cygnus нэрээр борлуулжээ.

Одоо энэ хоёр загварын дутагдалтай талуудыг авч үзье. Бартаат замаар хурдан явахад 100-ын урд тэнхлэг буюу гар нь амархан цуурч эвдэрдэг. Иймээс зарим сэлбэг үйлдвэрлэдэг компани харьцангуй бат бөх доод гар үйлдвэрлэж зардаг аж. 1998-2000 онд үйлдвэрлэгдсэн 100 ба 105-ын урд дифференциал нь хоёрхон зүрх араатай тул тун хэврэг. Харин 2000 оноос хойш дөрвөн зүрх араатайгаар үйлдвэрлэх болжээ. Зөвхөн Америкийн зах зээлд борлуулдаг 2UZ-FE хөдөлгүүртэй загваруудын яндан нь амархан цуурдаг. Цуурхай нь маш нарийн тул харахад мэдэгдэхгүй. Цуурхай яндантай машиныг хүйтэнд асаахад тогших мэт чимээ гардгаар нь амархан таньж болно. Харин хөдөлгүүр халангуут чимээ нь алга болно.