Алтан навчит мод


By TTaylor (Own work) [GFDL (http://www.gnu.org/copyleft/fdl.html), CC-BY-SA-3.0 (http://creativecommons.org/licenses/by-sa/3.0/) or CC BY 2.5 (http://creativecommons.org/licenses/by/2.5)], via Wikimedia Commons

Гарчигийг хараад үлгэр гэж бодож байна уу? Үгүй шүү. Эвкалипт гэж асар өндөр мод байдгийг бараг бүгд мэдэх биз. Энэхүү модыг сүүлийн жилүүдэд тарималжуулж, цаасны үйлдвэрийн гол түүхий эд болгон ашиглаж байгаа билээ. Гэтэл энэ модонд нэгэн гайхамшигт чанар байдгийг дөнгөж саяхан илрүүлжээ.  Хэрэв эвкалипт мод ургаж байгаа хөрсөн доор алт байвал үндэс, салаа мөчрөөр нь дамжин навчинд нь хуримтлагддаг гэнэ. Мод яг л асар хүчирхэг усан насос мэт ажиллаж, алтны жижиг үртсүүдийг устай хамт хөөрөгдөн шахдаг байна. Мод маш өндөр тул үндэс нь ч гэсэн хэдэн арван метрийн гүнд хүрдэг. Алт нь ургамлын хувьд хортой бодис тул туугдан явсаар эцэстээ навчинд нь хуримтлагдаж, дараа нь навчтай хамт газарт хаягдана.

Эвкалиптийн навчинд хуримтлагдсан алтны тоосонцор тод өнгөөр харагдаж байна. (Credit: Image courtesy of CSIRO Australia)

Гэхдээ навчинд хуримтлагдаж байгаа алтны тоосонцор нь өчүүхэн хэмжээтэй, хүний үсний диаметрийг тав хуваасны нэгтэй ойролцоо юм.Унасан навчисыг хураан цуглуулж алтыг ялгах нь байгаль орчинд хамгийн ээлтэй, бас эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй технологи болох юм гэж уг нээлтийг хийсэн доктор Линтерн өгүүлжээ. Ер нь ургамлын навчинд хуримтлагдсан эрдсийг шинжлэх замаар өрөмдлөгө хийхгүйгээр газрын гүн дахь эрдэсийн талаар мэдээлэл авах боломжтой гэж тэр үзэж байна. Энэ модны тусламжтайгаар алтнаас гадна цайр болон зэсийн ордыг ч илрүүлэх боломжтой гэнэ.