Аюултай цамхаг


Image credit: Wikipedia

Лондон хотод 37 давхар барилга барьж буй инженерүүд нэгэн бэрхшээлтэй асуудалтай тулгарчээ. ВалкиТалки гэдэг нэртэй уг тэнгэр баганадсан цамхагийг Лондон хотын төв, Фенчюрч Стрийтэд барьж буй. ВалкиТалк гэж цагдаа, үйлчилгээний албаныханы барьдаг богино долгионы станцыг хэлдэг билээ. Уг барилга нь тэгш биш, муруйж тахийсан шилэн ханатай, холоос харахад богино долгионы станцыг санагдуулахуйц хэлбэртэй барилга юм. Барилгын ажил хараахан дуусаагүй байхад л асуудал үүсэв. Барилгын ойролцоох зогсоолд тавьсан хэд хэдэн машины хуванцар эд ангиуд хайлж урссан байна. Учир нь түүний муруйлттай шилэн хананд ойсон нарны гэрэл зогсоолын орчимд цуглаж өндөр хэмийн халууныг үүсгэдэг аж. Иймээс болзошгүй аюул ослоос сэргийлэхийн тулд уг барилгын ойролцоох гурван ч машины зогсоолыг түр хаах шийдвэрийг Лондон хотын захиргаанаас гаргажээ. Инженер архитектурууд барилгын зургийг гаргахдаа хөрсний суулт, ачаалал, даац, замын хөдөлгөөн, салхины чиглэл, гэрэлтүүлэлт гэхчилэн бараг бүхий л үзүүлэлтийг тооцдог боловч барилгаас ойсон гэрэл ийнхүү нэг дор цуглаж халаалт үүсгэж болно гэдийг тооцож үзээгүй нь үүний шалтгаан юм.