Вирусүүд дархлааны системтэй гэнэ шүү


(Photo credit: Wikipedia)

Холер өвчин үүсгэгч нянг устгадаг нэгэн төрлийн вирус (бактерофаг) байдаг.  Уг вирус нь холерын нянгийн дархлааны системийг нь “хулгайлж” буцаагаад уг нянгийн эсрэг хэрэглэдэг болохыг саяхан судалгаагаар олж тогтоожээ.
Энэ судалгаа ийм төрлийн вирус буюу бактерофаг нь дасан зохицох чадвартай бүрэн бүтэн дархлааны системтэй байдгийг анх илрүүллээ. Холерын нян нь бактерофагийн эсрэг дархлааны системтэй байдаг боловч вирус нь хулгайлж авсан зүйлээ ашиглан нянгийн дархлааны системийг нэвтрэн орж чаддаг байна. Энэхүү нээлт нь нянгаар үүсгэгдсэн өвчнийг вирусээр эмчлэх эмчилгээнд томоохон дэвшил болох юм. Сүүлийн үед супер нян буюу олон төрлийн антибиотикт дасал болсон нян илэрч, эмч, анагаахын эрдэмтдийг сандаргах болсон билээ. Харин вирус дархлаатай болохыг илрүүлснээр супер нянгийн эсрэг шинэ “зэвсэг” бүтээх боломжтой болох юм.
Туфтын их сургуулийн Анагаахын салбарын Эндрю Камилли гэх эрдэмтэн энэ нээлтийг хийсэн байна. Эдүгээг хүртэл эрдэмтэд  бактерофагийг зөвхөн л ДНХ буюу РНХ-ийг агуулсан өчүүхэн эгэл бөөм гэж үздэг байсан нь томоохон эндүүрэл байжээ.  Бактерофаг гэдэг нь нэгэн төрөл вирус бөгөөд тодорхой төрлийн нян дээр наалдан паразитлан  үржиж улмаар уг нянг устгадаг.